Хэт халж байгаагаас таримлын соёололт харилцан адилгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны энэ сарын 24-ны өдрийн хуралдаанаар хаврын тариалалтын урьдчилсан дүн мэдээний тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсов..
Сайд Ж.Энхбаяр мэдээлэлдээ, цаг
агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг тавдугаар сарын 7-ноос
эхлүүлж, урьдчилсан байдлаар 300.1 мянган га-д үр тариа, үүнээс 264.8
мянган га-д улаанбуудай, 12.1 мянган га-д төмс, 9.2 мянган га-д хүнсний ногоо,
32.2 мянган га-д малын тэжээл, 126.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 479.5
мянган га-д тариалалт хийсэн тухай дурдаад, гүйцэтгэл 74 хувьтай байгааг
танилцуулав. Үр тариа, төмсний тариалалт дууссан, малын тэжээл, хүнсний ногоо
тариалалж байгаа бөгөөд төлөвлөсөн зорилтоос ихээхэн доогуур байгааг тэрбээр
мэдээлсэн юм. Мөн энэ жил 245.8 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж
бэлтгэхээр төлөвлөсөн,
өнөөдрийн байдлаар тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 95.2 мянган га-д
уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгээд байгаа аж.
Сайдын мэдээлснээр, тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Орхон,
Сайхан сум, Төв аймгийн Аргалант, Батсүмбэр, Баянхангай, Баянцогт, Жаргалант,
Сүмбэр, Угтаалцайдам сум, Дархан-Уул аймгийн Хонгор, Дорнод аймгийн
Халхгол, Чойбалсан, Чулуунхороот сумдаар 30 хэмээс дээш, хөрсөн дээрээ 50
хэмээс дээш халж, олон хоног үргэлжилсэн, хур тунадас багатай, хөрсний
нөөц чийгийн хангамж муутай байгаагаас таримлын соёололт харилцан адилгүй
байгаа аж.
Атар-IV аяны хүрээнд
хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг эргэлтийн болон хөрөнгө оруулалтын
хөнгөлөлттэй зээлд хамруулахаар арилжааны 10 банктай хамтран ажиллах гэрээг
байгуулж, 7-8 хувийн хүүтэй, 2-4 жилийн хугацаатай, нийт 800 тэрбум төгрөгийн
зээлийг олгохоор төлөвлөснөөс газар тариалангийн үйлдвэрлэлд 345 тэрбум
төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар 128.3
тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл, 50.2 тэрбум төгрөгийн хөрөнгө
оруулалтын зээлийг нийт 599 иргэн, аж ахуйн нэгжид олгосон байна.
Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргаж, Дархан-Уул, Дундговь, Дорнод, Төв, Хэнтий, Говьсүмбэр аймагт нийт тариалангийн эргэлтийн талбайг 71.2 мянган га-аар нэмэгдүүлжээ. Цаашид хөрс хамгааллын аргаар тариалангийн талбайн ашиглалтыг сайжруулж, талбайн хэмжээг 200 мянган га-аар нэмэгдүүлэхээр ажиллаж буй. Тариалангийн бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон ургах чадвар өндөр, ногоон масс ихтэй вандуй, эрдэнэшиш, наранцэцэг, тосны ургамал, бусад ашигтай тэжээлийн таримлыг нутагшуулж, таримлын сэлгээнд оруулах, цулгуй уриншийг багасгах, ногоон бордуурт уриншийн хэмжээг нэмэгдүүлэх, тэжээлийн таримлын дотоодын борлуулалтыг дэмжих замаар газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх шат дараатай арга хэмжээг авахаар төлөвлөсөн байна.
Мөн таримал ургамлын шинэ сорт гаргаж авахыг дэмжих, нутагшсан болон ирээдүйтэй сортын үр үйлдвэрлэх, сорт сорих тогтолцоог сайжруулах, тариалангийн бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон, нутагшсан сортын торгон болон баталгаажсан үрээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах бодлого баримталж байгаа аж. Түүнчлэн ХАА-н салбарт ажиллах хүчний хомсдол гүнзгий нүүрлээд байгааг сайд мэдээлэлдээ дурдаад, газар тариалангийн механикжуулалтыг нэмэгдүүлэх замаар энэ хомстолыг нөхөж, үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөх гарц байгааг тэмдэглэсэн юм. Иймд хөдөө аж ахуйн багаж, техник тоног төхөөрөмж, хүлэмж, усалгааны систем, бордоо, ургамал хамгааллын бодисыг гааль, НӨАТ-аас чөлөөлж, санхүүгийн дарамтыг бууруулах нь зүйтэй гэлээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан импортоор оруулж ирэх мал, амьтны
тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас
чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг шуурхай горимоор шийдвэрлүүлэх,
мөн импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн
зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, агуулах, хүлэмжийн
тоног төхөөрөмж, ойн аж ахуй, шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо,
ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн
хэрэгжих хугацааг сунгах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг
хангах, эрсдэлээс хамгаалах үүднээс Хөдөө аж ахуйн даатгалын тухай хуулийн
төслийг боловсруулан батлуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлага байгааг
танилцууллаа.