Сурагчид үзүүлэх шүүх хуралдаанд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-12-07 20:58:35
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймаг дахь Шүүхийн тамгын газрын дэргэдэх “Залуучуудын зөвлөл”-ийн “Шүүх ба олон нийт хөтөлбөр”-ийн хүрээнд ЕБС-ийн сурагчид “Үзүүлэх шүүх хуралдаан”-д оролцлоо.

“Зээлийн төлбөрт газар гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд болсон энэхүү Иргэний хэргийн шүүх хуралдааныг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулжээ.

Тус шүүх хуралдаанд шүүх бүрэлдэхүүний гурван шүүгч, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч, хамгаалалтын цагдаа гэсэн нийт 11 сурагч оролцжээ.

Энэхүү үйл ажиллагаа нь шүүн таслах ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангах, шүүхийн үйл ажиллагаа, шүүх хуралдааны үйл явцыг олон нийтэд таниулан сурталчлах, бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм. Үзүүлэх шүүх хуралдааны дүрс бичлэгийг DVD-д буулган ЕБС-ийн сургалтын гарын авлага болгон ашиглах аж.
Д.Одонтунгалаг
 
Related news