Хямралыг зохиомлоор өдөөж байна гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн МАН-ын хороо тус намаас саяхан зохион байгуулсан «Бид хамтдаа» сэдэвт үндэсний форумын үзэл санааг олон түмэнд өргөн сурталчлан таниулж эхлэв.
-Форум дээр намын дарга М.Энхболдын тавьсан илтгэлийг иргэд бүрэн дэмжиж байна. Улс орны амьдрал хүнд хэцүү байдалтай байгаа ийм нөхцөлд нам ард түмэн төдийгүй намууд хоорондоо, өөр дотроо эв нэгдэлтэй байх явдал юу юунаас илүү шаардагдаж байна. Энэ талаар МАХН-ын ахмадуудаас хамтран ажиллах талаар дэвшүүлсэн санал нь ч дэмжүүштэй эхлэл. Зөв удирдлага, зөв гольдрол хэрэгтэй гэдгийг олон түмэн хүсэн хүлээж байна. Олон улс оронд эдийн засгийн хямрал болж байгаа нь үнэн. Түүний нөлөө байгаа ч гэсэн манай улсад газар доорхи баялгийг зөв зохицтой шударгаар ашиглах, хөрөнгөө нэн чухал зүйлд зарцуулах талаар алдаж байгаа зүйл цөөнгүй бий. Тухайлбал улс орны эдийн засгийн хүчин чадал доройтож, гадныхны гар хардаг болсон ийм нөхцөлд манай аймаг зай завсаргүй найр наадам, айлчлал, орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг хог цэвэрлэх, бие засах газар байгуулах, өнгөц байдлаар зам засах, төв талбайн шинэхэн дэвсгэр, мод, хөшөө зэргийг зайлуулаад оронд нь боржин чулуу дэвсэх мэтийн зүйлд олон тэрбум төгрөг зарцуулсаар байгааг хямралыг зохиомол аргаар өдөөж байна гэхээс аргагүй гэж аймгийн МАН-ын хорооны дэд дарга К.Болат ярьж байна.
Ш.Айзаря