Хэнтий аймгийн Засаг дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-07-10 07:30:14
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба иргэддээ баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр мэдчилгээндээ, Их төрийн голомт Эзэн богд Чингисийн өлгий нутгийн хийморь золбоо өөд, босоо заяат Хэнтий нутгийнхаа ард түмэн та бүхнийхээ амар мэндийг эрэн мэндчилье.

Алтан наран эелдгээр мишээж, илч гэрлээрээ ижилхэн ивээсэн, дэлгэр сайхан зуны улирал налайсан эдгээр өдрүүдэд Хан Хэнтий нутагт минь хөгжил дэвшил, их бүтээн байгуулалтын ажил ид өрнөсөөр байна.

Бид энэ онд 21 аймагтаа хамгийн том бүтээн байгуулалтад тооцогдох шинэ эмнэлгийн барилгаа хүлээн авч, иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэн ажиллаж байна.
Мөн Дуутын даваа, Чандганы чиглэлийн 17,5 км хатуу хучилттай замын засварын ажил ид өрнөж байна.
Түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн барилгууд шинээр баригдаж ашиглалтад орсноос  гадна засвар, үйлчилгээний ажил хийгдэж байна.

Иргэдийнхээ хүсэл шаардлагад тулгуурлан зах зээлийн үнээс хямд үнэтэй орон сууцаар иргэдээ хангахаар орон нутагт хамгийн хямд буюу м2 880.000 төгрөгийн өртөг бүхий 48 айлын орон сууцыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж барилга угсралтын ажил 50 гаруй хувьтай явагдаж  байна.
“Хан Хэнтий чуулга”-ын шинэ барилга, бүсийн авто тээврийн төвийн барилга, 2 дугаар багийн шинэ багийн төв, Цэнхэрмандал сумын шалган нэвтрүүлэх пост, төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын хээрийн сургалт дадлагын төв, мах боловсруулах үйлдвэр, Бэрх тосгоны Онцгой байдлын ангийн шинэ барилга зэрэг  бүтээн байгуулалтаа бид энэ намар өлгийдөн авах юм.

Хөдөө аж ахуйн салбарт ч энэ онд ихээхэн ахиц дэвшил гарлаа. Мал сүрэг маань таван төрөлдөө өссөн дүнтэй байгаа бөгөөд бичин жилийн хатуу өвлийг та бид хамтын хүчээр даван гарсан билээ. Ургац тариалалтын ажил ч энэ жил урьд жилүүдээс га-гийн болоод төрөл зүйлийн хувьд ихэссэн бөгөөд тухайлбал Хэнтий аймагт зөвхөн үр тарианаас гадна, гурвалжин будаа, царгас, хунчир зэрэг эмийн болон ховор ургамлыг ч тариалан туршиж байгаа билээ гэж мэндчилгээнийхээ эхэнд онцлон дурджээ.

Тэрээр цааш, Хан Хэнтийнхээ уулс адил чигч шударгуу, хатан Хэрлэнгийн ус адил сэтгэл ариун, хязгааргүй хөх тэнгэр мэт уужуу тайван Хан Хэнтийчүүд, нутгийн зон олон та бүхэндээ. Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд
Хүчит бөхчүүдийн мэх, бяр нь тэнцүү
Хурдан хүлгүүдийн уяа, сойлго нь жигдхэн
Эрхий мэргэн харваачдын  тавьсан сум бүхэн оночтой  
Ажил үйлс тань  амжилт магнай
Амьдрал ахуй тань жаргал  магнай байж
Их түүх, эх нутгаараа бахархан хийморь өөдөө зон олноороо сайхан наадахын ерөөл өргөе хэмээн 
Хан Хэнтийчүүддээ сайхан наадахыг хүсэн мэндчилгээ дэвшүүлжээ.
 
 
Д.Одонтунгалаг
 
Related news