“Зөвлөх зөвлөл”-ийнхөн ажлын төлөвлөгөөгөө баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-01-31 18:32:12

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй НИТХ-ын дэргэдэх “Зөвлөх зөвлөл”-ийн гишүүдтэй өнөөдөр уулзлаа.

Уг зөвлөлд 1992 оноос хойш НИТХ-ын даргаар ажиллаж байсан үе үеийн удирдлага багтсан байна. Өнөөдрийн уулзалтаараа зөвлөлийн даргаа сонгосон юм. “Зөвлөх зөвлөл”-ийг 1996-2000 онд НИТХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Баасанжав даргалахаар болов.

“Зөвлөх зөвлөл”-ийн дарга Ц.Баасанжав “Ахмад хүний үнэ цэнэ гэж байдаг. Яагаад үнэ цэнэтэй вэ гэхээр ахмадууд түүхийн амьд гэрч учраас. Тиймээс Монгол төрийн өнөөгийн удирдлагууд ахмадынхаа үгийг сонсч, тэдний ухааныг ашиглаж, саналыг нь сонсох зорилготойгоор “Зөвлөх зөвлөл”-ийг байгуулж байна. Хэрвээ ахмадуудад ач холбогдол өгөхгүй бол ер нь ямар ч улсад түүх бүдгэрч, гуйвж, үнэнээр бичигддэггүй. Энэ утгаараа ямар ч салбарт ахмадуудыг хүндэтгэж, үгийн сонсох хэрэгтэй. Миний хувьд Улаанбаатар хотын түүхийн 1960 оноос хойшхи үйл явдлыг  мэднэ. Одоо 80-90 настай хүмүүс гэдэг Монгол Улсынхаа 80 гаруй жилийн түүхийг мэднэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр залуу хойч үе бол ахмадуудаа амьд сэрүүн байхад нь яг өөрөөс нь өнгөрсөн түүх ямар байсныг асууж үлдэх хэрэгтэй. Би хамгийн түрүүнд энэ утгаар нь ойлгож зөвлөлд орсон. Энэ бол хариуцлагатай ажил. Нийслэлийн эрхзүйн байдлын шинэчлэлээс эхлээд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудал цөөнгүй байна. Бид энэ бүгдэд өөрсдийн дуу хоолой, мэдлэг оюунаа зориулах болно” хэмээсэн юм.

 НИТХ-ын дэргэдэх “Зөвлөх зөвлөл” өнөөдрийн хурлаараа энэ онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Тэд энэ онд НИТХ-ын Тэргүүлэгчидтэй уулзаж сургалт зохион байгуулах, тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудлаар зөвлөмж өгөх, гаргасан нийтлэг шийдвэрийг сурталчлах, биелэлтэд хяналт шинжилгээ хийх, Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Төр сүм хийдийн хугацааны тухай хуулийн талаар хэлэлуүүлэг, ярилцлага зохион байгуулж, санал өгөх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж чиглэл өгөх аж. Түүнчлэн “Зөвлөх  зөвлөл” нь “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг ажил хэрэг болгоход ИТХ, түүний Тэргүүлэгчид, хороод, ажлын албаны хүмүүст зөвлөгөө өгөх, зарим ажлыг санаачлан зохион байгуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц хайхад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Related news