Дөрвөн хүний амь аварсан Г.Ганбаярт "Нигүүсэл" алтан медаль гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-01-27 14:09:25

Галын аюулаас 4 хүний амь насыг аварсан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэсгийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаярыг өнөөдөр МУЗН-ээс "Нигүүсэл" алтан медалиар шагнаж, таван ханатай гэр, гал тогооны иж бүрэн хэрэглэл бэлэглэв.

МУЗН-ийн "Нигүүсэл" алтан медаль нь байгалийн гамшиг, гэнэтийн осол, сүйрлийн үед аюулд өртсөн хүмүүст тусалсан иргэнд олгодог шагнал юм.

"Нигүүсэл" алтан медалийн эзэн Г.Ганбаяр, “Манай гэр галд өртсөн айлтай ойролцоо байдаг юм. Би гадуур явахдаа байнга л орчин тойрноо ажиж явдаг. Мэргэжлийн онцлог байхаа. Энэ сарын 24-ний өглөөний 08.00 цагт ажилдаа явж байтал автобусны буудлын зам дагуух айлын хашаанаас утаа гарч байгаа харагдсан. Очоод хартал үүдний амбаар нь шатаж, моднууд нь унасан тул хүн орох ямар ч боломжгүй байв. Тиймээс цонхон дээр нь очиж “Гал гарч байна” гээд орилоход нэг залуу босч ирээд, сандраад хаалгаа нээсэн.Энэ үед үүдний амбаарын гал хаалгаар нэвтэрч, бүх өрөөгөөр нь тархсан. Тиймээс би цонхыг нь хагалж, нөгөө залууг нэг бүсгүйтэй хамт гаргаж, цаана нь явж чадахгүй нэг хүн, угаартсан нэг залууг өөрөө орж галын цэгээс зайлуулж чадсан. Галд өртсөн ирргэдийг аюулгүй болгоод, байшингийн урд байсан автомашиныг түрж холдуулсан. Төд удалгүй түргэн тусламж, онцгой байдал болон цагдаад дуудлага өгсөн” гэлээ.

Тэрбээр МУЗН-ээс бэлэглэсэн таван ханатай гэрийг Сонгинохайрхан дүүргийнхээ нэн ядуу өрхөд өгнө гэв. 

Түүнчлэн МУЗН-ээс галд өртсөн айлд таван ханатай гэр, эрүүл мэндийн анхны тусламжийн багц, гал тогооны хэрэгсэл, ариун цэврийн багц зэргийг гардуулав.

Э.Энэрэл

Гэрэл зургийг Н.Батбаяр

Related news