Хятадын эдийн засаг ирэх онд 6,5 хувиар өснө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН./TASS/. Хятадын эдийн засаг ирэх 2017 онд 6,5 хувиар өснө гэж өнөөдөр тус улсын Нийгмийн ухааны академиас хэвлэн гаргасан “Цэнхэр ном”-д дурджээ. Харин энэ онд уг үзүүлэлт 6,7 хувьтай байх аж.
“2016 онд дэлхийн худалдааны өсөлтийн хурдац 2009 оноос хойших хамгийн доод үзүүлэлттэй байгаа хэдий ч сэргэх хандлага ерөнхийдөө хадгалагдсаар байна” гэж тайланд дүгнэжээ.
Уг баримт бичигт Хятадын эдийн засгийн өсөлт удааширсны шалтгаануудыг тоочихдоо “энэ удаашрал нь дэлхий даяар эрэлтийн өсөлтийн хурд удааширсан, Хятадын эдийн засагт оруулж буй хувийн хэвшлийн болон гадаадын компаниудын хөрөнгө оруулалтын урсгал саарсан, дотоодын зах зээл дэх хэрэглээний өсөлтийн хурдац буурсан, ипотекийн зээлийн хэмжээ хэт нэмэгдсэнтэй холбоотой” гэсэн байна.
Инфляцийн түвшний гол үзүүлэлт болох хэрэглээний үнийн индекс /CPI/ 2017 онд 2,2 хувьтай байх бол энэ оны хувьд эл үзүүлэлт 2,01 хувь байх төлөвтэй.
Хятадын Улсын статистикийн газрын мэдээллээр, тус улсын ДНБ-ний өсөлт 2015 онд 6,9 хувьтай байсан нь 1990 оноос хойших хамгийн доогуур үзүүлэлт юм.
ДНБ-ний өсөлтийн үзүүлэлтүүд 2010 онд – 10,4 хувь, 2011 онд – 9,2 хувь, 2012 онд – 7,8 хувь, 2013 онд – 7,7 хувь, 2014 онд – 7,4 хувьтай байжээ.
Х.Сарнай