Б.Баярмаа: Энэ онд Увс аймагт 1.9 сая мод тарьж голын болон уулын бүсийг ойжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-04-01 12:31:36

Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн хэмжээнд тарьсан модны тоон мэдээллийг Байгаль орчны газрын ойжуулалт, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн Б.Баярмаагаас тодрууллаа.


-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Увс аймагт хийсэн ажлын талаар товч мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Увс аймаг 2022-2030 онд нийт 20 сая мод тарих зорилт тавин ажиллаж байна. Үүнээс 2022-2026 онд 8.6 сая мод тарихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 691 мянга орчим мод тарьж, гүйцэтгэл 25 хувьтай байна. Түүнчлэн 2026 оны хавар, намрын мод тарилтаар 1.9 сая орчим мод тарихаар төлөвлөсөн бөгөөд голын болон уулын бүсийн ойжуулна.


Мод тарих ажилд оролцож буй иргэн, аж ахуйн нэгжийн тоо жилээс жилд өсөх хандлагатай байна. 2022-2025 оны хугацаанд давхардсан тоогоор 1242 орчим аж ахуйн нэгж, 32.871 иргэн энэхүү ажилд оролцсон.


Тарьц, суулгацын нөөцийн хувьд одоогоор 1.8-4 сая орчим байгаа бөгөөд 38 иргэн, 18 аж ахуйн нэгж, байгууллага 37 төрлийн мод, бут, сөөгийг үржүүлж, тарьц суулгацыг бэлтгэн нийлүүлж байна.


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Увс аймагт хэрэгжүүлж эхэлснээс хойш 19 сумын хэмжээнд ногоон байгууламжийн талбай 17.8 га-гаар нэмэгдсэн. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр 3 суманд 30 га талбайд хамгаалалтын зурвас байгуулж, 140 га талбайг ойжуулсан.



-Дэлхийн ойн өдрөөр ямар ажлуудыг зохион байгуулсан бэ?

-Аймгийн Байгаль орчны газраас Дэлхийн ойн өдрийг тэмдэглэх хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд жил бүр илтгэлийн уралдаан зохион байгуулдаг. Энэ жил гуравдугаар сарын 21-нд “Ой ба эдийн засаг” сэдвээр илтгэлийн тэмцээн амжилттай боллоо. Мөн Улаангом политехник коллежийн ойн ангийн сурагчдын дунд “Алтан хонх” тэмцээн зохиосон бөгөөд олон нийтэд зориулан “Ойн мэргэжил сайхан” сэдэвт зурагт мэдээллийг бэлтгэн байгууллагын цахим хуудсанд байршуулсан.


-“Ногоон сэлгээ” төслийн талаар товч мэдээлэл өгнө үү?

-Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн байгууллага болон иргэдийн харилцааг сайжруулах зорилготой “Санаачилгаас шийдэлд” шинэ санааны төслийн уралдааныг өнгөрсөн намар Увс аймгийн ЗДТГ-аас зарласан. Энэхүү уралдаанд манай Байгаль орчны газрын “Ногоон сэлгээ” төсөл шилдэг санаагаар шалгарсан юм.


Энэ төслийн хүрээнд иргэдийн гэртээ хэрэглэхгүй байгаа эд зүйлсийг хогийн цэгт хаях бус, хэрэгтэй хүнд дамжуулах “Эко солилцоо”-г гуравдугаар сарын 31-нд Улаангом сумын 12-р багийн төвд зохион байгууллаа. Энэ ажилд олон хүн оролцож, хэрэглэхгүй эд зүйлсээ авчирсан нь үр дүнгээ өгч, эндээс олсон ашиг орлогыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний мод тарих ажилд зарцуулна.

Related news