УВС: "Соёлын од” спортын анхдугаар тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Нийтийн номын сангийн 90 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан тус номын сангаас аймгийн соёл, урлагийн байгууллагуудын дунд “Соёлын од” спортын анхдугаар тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Тус тэмцээнийг Увс аймгийн соёл, урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажилтан, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, харилцан суралцах, туршлага солилцох, багийн ажиллагааг дэмжих зорилгоор зохион байгуулжээ. Волейбол, дартс, оюуны буухиа, олс таталт, хөзөр зэрэг спорт болон оюуны хосолсон таван төрлийн тэмцээнд Баруунтуруун-Зүүнговь сумын хамтарсан баг тэргүүлж, шилжин явах цомын эзэн болсон байна.
Энэхүү тэмцээнд Увс аймгийн Соёл, урлагийн газар, Номын баялгийн хэлтэс, Музей, Ойрад театр, Нийтийн номын сан, сургуулийн болон сумдын соёлын төв, номын сангууд зэрэг 12 багийн 200 гаруй тамирчин оролцож, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөн байна.
Увс аймгийн Нийтийн номын сангийн хамт олон түүхт 90 жилийн ойн баяраа угтан уншигч, үйлчүүлэгчид болоод иргэдийн дунд олон төрлийн уралдаан тэмцээнийг зарлан явуулсаар байна. Тухайлбал ирэх сарын 5-ны өдөр "Огторгуйн далай-2026" яруу найргийн наадмыг зохион байгуулна. Мөн төрийн албан хаагчдын дунд монгол бичгийн болон бийрэн бичлэгийн уралдаан зарлаад байна.
Зая Бандида Намхайжамцын нэрэмжит Увс аймгийн Нийтийн номын сан нь их, бага уншлагын хоёр танхим болон Америкийн соёл мэдээллийн төвдөө нэг дор 150 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 80 мянга орчим боть номтой байна.
Энэ он гарсаар “Гэрэл нэмье” ТББ-ын санаачилгаар ард иргэдээс 60 гаруй сая төгрөгийн хандив тусламж цуглуулан Хүүхдийн уншлагын танхимдаа иж бүрэн их засвар хийжээ.


