УВС: Хүүхэд хамгаалал, тэгш хамруулах боловсролын төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-04-23 12:01:51

Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Норвегийн тусламжийн байгууллагын төлөөлөгчид Увс аймагт ажиллаж, 2027 оноос хэрэгжүүлэх таван жилийн хугацаатай төслийн талаар аймгийн Засаг даргатай санал солилцлоо.


Тус байгууллага нь Монгол Улсад 32 жилийн турш үйл ажиллагаа явуулж, баруун бүс нутагт олон төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд энэ удаад үйл ажиллагаагаа өргөжүүлэн Увс аймагт хүүхэд хамгаалал, тэгш хамруулах бодлого болон боловсролыг дэмжихэд чиглэсэн томоохон төслийг хэрэгжүүлэхээр болжээ.


Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт хүүхдүүдэд ээлтэй орчин бүрдүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, аймгийн төвийн 5 цэцэрлэг, 3 сургуулийг жишиг болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд орон нутгийн байгууллагууд, сургууль, цэцэрлэгүүдийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй байна.


Хүүхэд бүрд тэгш боломж олгож, хамтын хүчээр илүү сайхан ирээдүйг бүтээхэд энэхүү төсөл бодитой хувь нэмэр оруулна хэмээн Норвегийн тусламжийн байгууллагын төлөөлөгчид энэ үеэр онцлов.


Мөн Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх, дэд бүтцийг сайжруулах чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлээд, уг төслийг бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ. 

 

Related news