УВС: Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-04-21 16:06:01

Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төслийг энэ сарын 20-ноос эхлэн хүлээн авч байна.


Аймгийн хэмжээнд энэ жил 2.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгох юм. Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Увс аймгийн Засаг дарга нар “Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гурван талт гэрээ”-г байгуулсан байна.


Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийг сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо хадгалалт, боловсруулалт хийх иргэдэд олгоно. Мөн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл, модон эдлэл, тавилга үйлдвэрлэл, арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэл, барилгын материал үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой юм.


Мөн эрчимжсэн мал аж ахуй, мал эмнэлгийн үйлчилгээ, мал үржүүлэг, технологийн үйлчилгээ, малын тэжээл, бордооны үйлдвэрлэл, газар тариалан, хүнсний ногоо, малын тэжээл тариалах, хураах техникийн түрээсийн үйлчилгээ зэрэг чиглэлээр жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийг өгнө.


Иймээс сонирхсон иргэд Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой бөгөөд төслийг ирэх сарын 19-ний өдөр хүртэл хүлээн авна. 


2020 онд 12 аж ахуйн нэгж, иргэнд 500 сая, 2022 онд 3 аж ахуйн нэгж, иргэнд 247 сая, 2023 онд 14 аж ахуйн нэгж, иргэнд 1 тэрбум 330 сая, 2024 онд 14 аж ахуйн нэгж, иргэнд 1 тэрбум 401 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг аймгийн хэмжээнд олгож байжээ. Харин 2021 болон 2025 онд аймгийн Орон нутгийн төсөвт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хөрөнгө хуваарилаагүй тул тухайн жилүүдэд зээл олгоогүй байна.   




Related news