Увс нуур цөнгөө түржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-04-20 16:31:47

Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн бямба гарагт болсон хүчтэй шуурганы улмаас Увс нуур цөнгөө түржээ.


Увс нуур жил бүрийн тавдугаар сарын дундуур цөн түрдэг боловч энэ жил дөрөвдүгээр сарын 20-ныг хүрэлгүй мөсөн бүрхүүлээ бүрэн тайлжээ. Ийнхүү цөн түрэлт бараг нэг сарын өмнө болсон нь орон нутгийн иргэдийн анхаарлыг татаж, урьд өмнө тохиолдож байгаагүй үзэгдэл хэмээн онцолж байна. Энэ жил Увс нуурын сав газар харьцангуй дулаан, өвөл нь өнтэй байсан тул нуурын мөс өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад нимгэн хөлдсөн байна.


Увс нуурын цөн аль талдаа түрнэ тэр жил тухайн газарт зуншлага сайхан болдог хэмээн нутгийн өвгөд хөгшид ярьдаг бөгөөд энэ жил Улаангом тал руу буюу Хархираа уулын чиглэлд цөн түржээ.


Увс нуур цөнгөө түрэх үед нэг, хоёр давхар байшингийн дайтай мөсөн овоолго нуурын эрэг дагуу үүсдэг байна. Байгалийн энэхүү ховор үзэгдлийг сонирхохоор амралтын өдрүүдэд хөл хөдөлгөөн их байжээ.

                                                                                                                                                             2025 оны тавдугаар сарын 2



                                                                                                                                                          2026 оны дөрөвдүгээр сарын 19

Related news