Аймгийн Засаг дарга Хонгор суманд ажиллаж, зарим асуудлыг шийдвэрлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга Ч.Энхбат нар Хонгор суманд ажиллав.
Тус сум аймагтаа хамгийн их газар нутагтай учраас цас нэмэгдэж орвол цагаан зудын хэмжээнд хүрч болзошгүйг ус цаг уур орчны шинжилгээний албанаас мэдээлсэн. Энэ байдлыг харгалзаж “Дархан Эмпати” сургуулийн багш сурагчид тусламжийн гараа сунгахаар болж аль нэг сумын зорилтот бүлгийн иргэдэд уг тусламжийг хүргэх өгөх талаар аймгийн Засаг даргатай зөвшилцсөнөөр Хонгор сумын зорилтот бүлгийн 50 өрхөд хоол хүнс, хувцас хэрэглэл бэлэглэлээ.
Дараа нь тус сумын 14 дүгээр сургуулиар орж тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэв. Тус сургуульд энэ хичээлийн жилд нийт 19 бүлэгт 450 сурагч бүрэн дунд боловсролыг эзэмшиж байгаа бол нэг бүлэгт дунджаар 26 хүүхэд суралцаж байна. Одоогийн байдлаар тус сургуульд эрэгтэй сурагчдын технологийн ангид тоног төхөөрөмж, сурагчдын ширээ дутагдсан хэвээр байгаа тул уг ангийн тоног төхөөрөмжийг энэ ондоо багтааж шийдэж өгөхөөр болсон бол сурагчдын нуруунд таарсан ширээ сандлыг ирэх хичээлийн жилд өгөхөөр боллоо.
Тус сумын 16 дугаар цэцэрлэгийн ажилтай танилцахад, анх 1965 онд 50 хүүхдийн багтаамжтай Ясли хэлбэрээр байгуулагдаж байсан байрыг 2012 онд өргөтгөж цэцэрлэг болгосон. Уг өргөтгөлийн халаалт муу, хүүхдүүдийн тоглох тоглоом дутагдалтай байна гэдэг цэцэрлэгийн удирдлага асуудлыг танилцуулжээ. Тиймээс энэ асуудлыг энэ ондоо багтааж шийдвэрлэхээр боллоо.
Б.Норовсамбуу