ЗАВХАН: Ерөнхий боловсролын багш нар улсын дунджаас 1.1 хувиар илүү үнэлэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай,
2026 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Завханы сургуулийн өмнөх боловсролын багш
нар гүйцэтгэлийн үнэлгээгээр 94.3 хувьтай үнэлэгдэж улсын дунджаас 0.7 хувиар илүү
байна гэж Завхан аймгийн Боловсролын газраас мэдээлэв.
2025-2026 оны хичээлийн жилд Завхан аймагт сургуулийн өмнөх боловсролын 39 цэцэрлэгт 216 багш 4822 хүүхдэд сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж байна.
2025 оны гүйцэтгэлийн үнэлгээнд 38 цэцэрлэг, 183 багш буюу нийт багшийн 86.3 хувь нь хамрагдсан байна. Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 91.9 хувь үнэлэгдсэн нь улсын дунджаас 0.59 хувиар доогуур, өмнөх оны үнэлгээнээс 12.2 хувиар ахисан үзүүлэлттэй байна. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээгээр 94.3 хувиар үнэлэгдсэн нь улсын дунджаас 0.7 хувиар дээгүүр, өмнөх оны үнэлгээнээс 7.3 хувиар ахисан үзүүлэлттэй байна.
Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний 6 шалгуур үзүүлэлтээс 3
шалгуур үзүүлэлт нь өмнөх оноос 2.1-16.1 хувиар ахисан бол 3 шалгуур үзүүлэлт
нь 1.0-5.6 хувиар буурсан байна.
Сургалтын байгууллага, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь сургалт, үйл ажиллагааны чанар, үр дүнг үнэлж, багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох. Өөрийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг хянах, удирдах, хариуцлагатай хандах соёлыг төлөвшүүлэх улмаар сургалтын чанарыг сайжруулах, үр дүнгийн урамшуулал, санхүүжилтийн хувь хэмжээг тогтоох зорилготой юм.
Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 31 сургуульд 965 багш, 15629 сурагчид сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. 2025 оны гүйцэтгэлийн үнэлгээнд 30 сургууль, 879 багш буюу нийт багшийн 92 хувь нь хамрагдлаа.
Ерөнхий боловсролын сургуулиуд байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 85.52 хувь
үнэлэгдсэн нь улсын дунджаас 1.61 хувиар дээгүүр байна. Өмнөх оны үнэлгээнээс
6.82 хувиар ахисан үзүүлэлттэй байна. Ерөнхий боловсролын сургуулийн багшийн
гүйцэтгэлийн үнэлгээгээр 81.69 хувь үнэлэгдсэн нь улсын дунджаас 1.1 хувиар дээгүүр,
өмнөх оны үнэлгээнээс 3.49 хувиар ахисан үзүүлэлттэй байна. Байгууллагын
гүйцэтгэлийн үнэлгээний 6 шалгуур үзүүлэлт өмнөх оноос 0.88-16.02 хувиар ахисан
үзүүлэлттэй байна гэв.