ЗАВХАН: Хүн амын дунд хоол боловсруулах замын эмгэг их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Завхан
аймгийн Нэгдсэн эмнэлэг аймгийн 24 суманд явуулын амбулаторийн үзлэг оношилгоог
үзүүлж байна.
Завхан аймаг "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж таван зорилтын хүрээнд 28 үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж байна.
Эдгээр үйл ажиллагаа нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын
техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх. Иргэд, олон нийтийн эрүүл мэндийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, тэднийг зөв
дадалд уриалах. Төрийн болон
аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын оролцоотой хүн амын нийгмийн эрүүл мэндийг
сайжруулах зорилготой юм.
Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэг нийт 3 сумын 1050 гаруй иргэнд эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг оношилгоог хийсэн байна. Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг сумуудад дотор, зүрх судас, бөөр, эх барих, эмэгтэйчүүд, халдварт, сүрьеэ, хавдрын үзлэг хийж байна. Мөн явуулын рентген, хэвлийн, эмэгтэйчүүдийн хэт авиан шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, умайн хүзүүний эсийн шинжилгээ, лабораторийн шинжилгээг хийж байна. Эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч нар хиймэл оюун ухаанаар оношилгоо хийлээ. В, С вирус тоолж, вирусийн дархлал тогтоц үзэж хоол хүнсний аюулгүй байдлын шинжилгээг хийж эмч нар иргэдэд зөвлөгөө өгч байна.
Тухайлбал Шилүүстэй суманд давхардсан тоогоор 723 хүн зүрх судас, лаборатори, эмэгтэйчүүд, эхо, рентген үзлэгт хамрагджээ. Үүнээс 126 иргэн дотор зүрх судасны үзлэг хийлгэж бөөрний архаг дутагдлын гуравдугаар шатанд орсон иргэнийг оношилж нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт яаралтай хэвтүүлэн эмчилж идэвхтэй хяналтад авсан байна. Мөн элэгний хатуурлын оноштой 4 иргэнд зөвлөгөө өгч, хяналтдаа авлаа.
Хоол боловсруулах замын эмгэгтэй 73 хүнд зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. Лабораторийн үзлэг оношилгоонд 149 хүн, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоонд 101 эмэгтэй хамрагдаж эмч нарын зөвлөгөөг авсан байна. Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 60 орчим хувь нь хеликобактеритай, 15 хувь нь шүдний цооролтой байна. Хүн амын дунд хоол боловсруулах замын эмгэгтэй иргэд олон байгаа нь харамсалтай. Эрүүл байхыг хүсвэл эрт үзүүлж, эрт оношлуулах нь хамгийн чухал юм. Эрт илрүүлж, урьдчилан сэргийлснээр та өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чадна. Тиймээс үргэлжлүүлэн хуваарийн дагуу сумуудад явуулын амбулаторийн үзлэг оношилгоог хийнэ хэмээн Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.
