ЗАВХАН: Төр, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллаж орон нутгийн эдийн засгаа дэмжжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните Завхан аймагт ажиллаж, Европын холбооны санхүүжилт, дэмжлэгтэйгээр тус аймагт хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнтэй танилцлаа.
Элчин сайд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлын талаарх мэдлэгийг бэхжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэрэгжсэн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов.
Европын холбооны SECiM төслийн санхүүжилтээр Завхан аймагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үйлчлүүлэгч төвтэй, үр дүнтэй үйлчилгээг нэвтрүүлж, цалинтай болон хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажилласан байна. Мөн мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт эрэлтэд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулж, сум багийн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг ойртуулах зорилгоор хүртээмжтэй сургалтын орчныг бүрдүүлжээ.
Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Т.Пүрэврагчаагийн мэдээлснээр, 2017 онд сургалтын танхимын орчныг сайжруулах зорилгоор 9 нэр төрлийн 53 тавилга, тоног төхөөрөмж суурилуулсан бол 2020 онд явуулын хөдөлмөрийн биржийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг авчээ.
Мөн 2017-2019 онд хөдөлмөрийн салбарын ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулж, 2017-2022 оны хөдөлмөрийн зах зээлийн судалгааг хийсэн байна. Төслийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд нийт 447 иргэн хамрагдаж, үр дүнд нь 479 иргэн байнгын ажлын байртай болжээ. Сүүлийн гурван жилд ажил олгогчдоос ирүүлсэн 1738 ажлын байрны захиалгаар 863 иргэнийг ажлын байранд зуучилсан бол 1517 иргэн шинээр ажлын байраар хангагдсан байна.
Элчин сайд төслийн үр шимийг хүртсэн жижиг, дунд үйлдвэрлэгчид, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, тэдний ололт амжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Мөн үйлдвэрлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн, аймгийн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцав.
Европын холбооны дэмжлэгтэйгээр 2018-2021 онд хэрэгжсэн иргэний нийгмийн байгууллага, төрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх төсөл нь орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан байна.
Төслийн үр дүнд иргэний нийгмийн байгууллагууд нэгдсэн сүлжээтэй болж, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцох, төртэй хамтран ажиллах чадавх нь эрс сайжирчээ. Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан салбарын тэргүүн асан, зөвлөх Х.Даваахүүгийн мэдээлснээр, уг төслийн хүрээнд 557 өрх, 80 үйлдвэрлэгч бүлэг байгуулагдаж, 1723 иргэн шууд, 23058 иргэн шууд бус байдлаар үр шимийг хүртсэн байна. Мөн 24 суманд үйлдвэрлэлийг дэмжих төслүүдийг хэрэгжүүлж, үйлдвэрлэгчдийг зах зээл, санхүүгийн байгууллагуудтай холбон зуучлах тогтолцоо бүрджээ.
Түүнчлэн төслийн дэмжлэгээр монголын үндэсний соёл, уран хатгамалын сургалтад 24 сумын 1124 хүн хамрагдаж, 250 гаруй ажилгүй эмэгтэй ажлын байртай болсон байна. Малын түүхий эдэд суурилсан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг 320 гаруй эмэгтэйд олгож, 100 гаруй эмэгтэй өнөөдөр байнгын ажлын байр, өрхийн үйлдвэрлэлтэй болсон байна.
Элчин сайд Ина Марчюлёните Завхан аймагт хэрэгжсэн төслүүдийн үр дүнг өндрөөр үнэлж, цаашид дэд бүтэц болон бусад салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцсон байна.

Элчин сайд Ина Марчюлёните

Монгол улсын уран хатгамалч Ц.Мөнхтуяа үзэсгэлэнд зээгт наамал, зүү ороох хатгамалаар гоёсон дээл, бүс, аяганы уут, хавтага, чамабурмаа гэхчлэн 10 гаруй бүтээлээ дэлгэжээ.

Төслийг хэрэгжүүлсэн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, үйлдвэрлэгчид