ЗАВХАН: Дурангийн хагалгааг орон нутагтаа нутагшуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2018 оноос эхлэн дурангийн хагалгааг бүрэн нутагшуулжээ.
Орон нутагтаа анх дурангийн хагалгааг нэвтрүүлж эхэлсэн үед жилд дунджаар 100 орчим цөсний дурангийн хагалгаа хийдэг байсан бол өнөөдөр жилд 200 орчим дурангийн хагалгааг амжилттай гүйцэтгэж байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлэг мэс заслын тусламж үйлчилгээг үе шаттайгаар дурангийн хагалгаанд шилжүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар мэс заслын тасаг нь хэвлийн хөндийн дурангийн аргаар 8 төрлийн мэс заслыг хийж нутагшуулан ажиллаж байна.
Үүнд цөсний хүүдий авах, мухар олгойн дурангийн хагалгаа, өрцний ивэрхийг дурангаар нөхөх, хэвлийн болон цавины ивэрхийн мэс засал, элэгний бэтэг, эмэгтэйчүүдийн чиглэлээр өндгөвчний уйланхай, умайн гадуурх жирэмслэлт, гуурсан хоолойн оношлогоо, уушиг тайрах дурангийн хагалгаа багтаж байна. Мөн өндгөвч, умайн дайвар эрхтний зарим дурангийн мэс заслыг орон нутагтаа амжилттай хийж байна.
Дурангийн хагалгаа нь зүсэлт бага, өвдөлт харьцангуй багатай, эдгэрэлт хурдан, эмнэлэгт хэвтэх хугацаа богино зэрэг олон давуу талтай. Түүнчлэн хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа богиносож, хагалгааны дараа нийгмийн амьдралдаа хурдан эргэн орох боломж бүрддэг.
Иймд иргэдийг цаг хугацаа, зардлаа хэмнэн орон нутагтаа чанартай, орчин үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах боломжтой хэмээн Завхан аймгийн нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.
