Эрдэмтэн Ч. Дамба Дундговь аймгийн Хүндэт иргэн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-22 14:55:15

Монгол Улсын зөвлөх агрономич, ХААИС- ын хүндэт профессор Ч. Дамба Дундговь аймгийн Хүндэт иргэн боллоо. Түүний хөдөлмөр бүтээлийг алдаршуулах эрдмийн чуулганыг Дархан- Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэн, тус хүрээлэнгийн Таримал ургамлын генетик нөөцийн сектор зохион байгуулах үеэр аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар Дундговийн Хүндэт иргэний тэмдгийг Ч.Дамбад гардуулсан юм.

1950- иад онд ЗХУ-д Монголын анхны агрономичид суралцсаны нэг нь Ч.Дамба бөгөөд тавиад оны сүүлчээр Монгол оронд атар газар эзэмших их аян эхлэхэд эх орондоо анхны агрономичдыг тэрээр бэлтгэсэн байна. Тэр үеэс 1992 онд гавъяаны амралтад суух хүртлээ Монголын хөдөө аж ахуй газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн түүхэн гавъяаг түүний үе үеийн шавь, эрдэмтэд дурсан ярьдаг.

Ч.Дамба 1993 онд төрөлх Дундговьдоо ирж аж төрсөн юм. Ингэхдээ тэрээр Монгол орон даяар эхлүүлсэн ногоон хэрэм, ногоон хувьсгал зэрэг Засгийн газрын хөтөлбөрүүдээс түрүүлэн говь нутагтаа ногоон хувьсгалыг эхлүүлсэн байдаг. Өрх гэр бүлээрээ төмс хүнсний ногоо тарих, мод бут, цэцэг, жимс ургуулахыг нутгийн иргэддээ зааж сурган, газартай харьцах мэдлэг олгон олон хүний аж амьдралыг сайжруулахад хөдөлмөрөө зориулсанд нутгийн зон олон талархаж байдаг билээ.

Улсад хөдөлмөрлөсөн 40 гаруй жилийн хойно тэтгэвэртээ суусан ч дахиад 23 жил хөдөлмөрлөсөн эрдэмтэнд хүндэтгэл үзүүлж,  ийнхүү төрөлх нутгийнхаа Хүндэт иргэнээр өргөмжлөв.

Т. Отгонтуяа         

Related news