ЗАВХАН: Монгол гэрийн уламжлалт өв соёлыг хүүхдүүдэд таниулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-01-21 11:41:00

Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/.  Завхан аймгийн Түдэвтэй сумын соёлын төв монгол гэр боловсролын хөтөлбөрийг өөрийн сум болон хөрш сумуудад хэрэгжүүлж байна.


Хүүхдүүдэд монгол гэрийн онцлог, барих ёсыг таниулах, бариулж сургах зорилготой тус хөтөлбөрт 70 гаруй хүүхэд хамрагджээ.


Хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд, залуучуудын дунд гэр бүлийн хүмүүжил, ёс суртахуун, харилцаа, ахмадын хүндлэл, хөдөлмөрийн дадлыг хэвшүүлэхэд чиглэжээ. Монгол гэрийн ерөнхий бүтцийг тайлбарлаж, гэр барих арга, мэндлэх хүндлэх ёс, бэлгэ үгийн ач холбогдлыг оролцогч хүүхдүүд хамтран хэлэлцсэн байна. Мөн хөрш Нөмрөг сумын ерөнхий боловсролын сургуулийн 6-11-р ангийн сурагчдыг хамруулсан энэ хөтөлбөр нь жилийн турш сонирхолтой сэдвүүдээр үргэлжилнэ.


Монгол гэрийг гадаад хэлбэрээр нь монгол, түрэг, дотор нь халх, баяд, дөрвөд, буриад гэж ангилдаг. Монгол гэрт зундаа сэрүүн агаарын солилцоо сайн явагддаг, өвөл дулаан хадгалах чадвартай, хурааж барихад хялбар байдаг. Мөн монгол гэр нь монголын уламжлалт өв болох томох, ширэх, оёх, сийлэх, зурах, будах зэрэг гар урлалын цогц бүтээмж гэж хэлж болно.


Жишээлбэл, гэрийн багана нь барих, буулгах үед тооноо дээш өргөж, буулгахад тусалдаг. Тооно тэгш байх нь байгалийн шуурганаас болж гэр хазайх, унахаас урьдчилан сэргийлдэг. Баганын өндөр нь гэрийн нийт өндрийг тодорхойлдог бөгөөд хаалганаас 1.5 дахин өндөр, шалны голчоос 4 дахин том байдаг.


Багана түших, тэврэх, барих, ялангуяа алдлахыг цээрлэдэг. Монголчууд баганыг ертөнцийн босоо тэнхлэг, хүний хөл тулгуур эрхтнээр төсөөлдөг бөгөөд хоёр багана нь эхнэр, нөхрийг илэрхийлдэг тул хоорондуур нь гарах, дундуур нь юм өгч авахыг цээрлэдэг.


Түүнчлэн цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан “Үлгэрээр сурахуй” боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрөөр бага насны хүүхдүүдийн хэл яриаг хөгжүүлэх, ой тогтоолт, сэтгэх чадварыг сайжруулах, дүрс, тоо ялган таних чадварыг хөгжүүлэхийг зорьж байна гэж Түдэвтэй сумын Соёлын төвөөс мэдээлэв.

Монгол гэрийн бүрдэл хэсэг бүрийн тухай таниулав


 

Related news