Ургамал, газар тариалангийн үе үеийн эрдэмтэд багшдаа хүндэтгэл үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ“Атрын аяны анхны багш, Алдар хүндтэй эрдэмтэн агрономич” хэмээх эрдмийн чуулганыг Монгол Улсын зөвлөх агрономич, ХААИС-ийн хүндэт профессор Ч. Дамбад зориулан Дархан- Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэн /УГТХ/, тус хүрээлэнгийн Таримал ургамлын генетик нөөцийн секторын хамт олон зохион байгууллаа.
1950-иад оны сүүлчээр Монгол оронд атар газар эзэмших их аян эхэлж, газар тариалангийн салбарт шинэ эргэлт авчирсан он жилүүдэд энэ их өөрчлөлтийг гардан гүйцэтгэх анхны агрономичдыг бэлтгэсэн хүн бол Дундговь аймгийн иргэн Чулууны Дамба юм. Монгол орны газар тариалангийн хөгжилд үе үедээ мэдлэг оюун, эрдэм чадлаа шингээж ирсэн түүний хөдөлмөр үйлсийг алдаршуулах энэхүү чуулганд үе үеийн шавь нар нь хүрэлцэн ирж хүндэтгэл илэрхийлэн, дурсамж хуваалцав.
Ч.Дамба 1953- 1958 онд ЗХУ-ын Москва хотын Тимирязевийн нэрэмжит Хөдөө аж ахуйн академид суралцсан монголын анхны агрономичдын нэг юм. Тэрээр сургуулиа төгсч ирээд ХААИС-д багшаар томилогдон Монголын анхны агрономичдыг бэлтгэх үүрэг хүлээж, 1959 оноос Монгол оронд атар газар эзэмших их ажилд шавь нарынхаа хамтаар ханцуй шамлан хөдөлмөрлөсөн байна. Түүнээс хойш арван жилийн хугацаанд 500 гаруй залуусыг атар газар эзэмших мэргэжилтнүүд болгож, тэд эх орныхоо өнцөг булан бүрт аж төрөн хөдөлмөрлөжээ.
1963 онд Таримал ургамлын Улсын сорт сорилтын комисс байгуулж, үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан. 1968 онд Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээ эрхэлсэн захирлаар томилогдож, Монгол оронд атар газар эзэмшиж эхэлснээс хойшхи таримал ургамлын нэр төрөл, сортын нөөцийг нэмэгдүүлэх, тариалангийн хөрс хамгаалах судалгааг өргөжүүлэн, залуу ажилтнуудыг судалгаа шинжилгээний арга барилд сургах, газар тариаланд ашиглагдсаар байх олон судалгааг эхлүүлэх гол ажлыг удирдан чиглүүлж байсан он жилүүд Ч. Дамба гуайн ажил хөдөлмөрийн түүхийг үргэлжлүүлсэн байна.
УГТХ- ийн захирал доктор, дэд профессор Н.Баярсүх “Ч.Дамба ба газар тариалангийн шинжлэх ухаан” сэдвээр эрдмийн чуулганд тавьсан илтгэлдээ эрдэмтэн Ч.Дамбын газар тариалангийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг тодотгон дурьдсан юм.
Тухайлбал, үр тариа, төмс хүнсний ногооны селекци, буудайн ган, өвчин хортонд тэсвэрлэх чадвар, ургамлын сорт, үрийн чанарыг сайжруулах зэрэг судалгааны шинэ чиглэлийг удирдан эхлүүлсэн нь өнөөдөр Монгол орны үр тариа, төмс, хүнсний ногооны тариалангийн үйлдвэрлэлд үр өгөөжөө өгсөөр байна.
Үр тарианы олон шинэ сорт судалсаны дүнд Монгол орны эрс тэс уур амьсгалд зохицсон үр тарианы үржил селекци хийх онолын үндсийг анх боловсруулсан нь үр тарианы олон шинэ сорт гаргаж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх үндэс болсон. Буудайн мутант сорт дээжүүдийн судалгаа хийж, буудайн хөгжлийн үе шат ургац бүрэлдэх зүй тогтлыг үндэслэн Монгол оронд буудайн селекцийг хөтлөн явуулах онолын үндсийг боловсруулсан нь одоо ч өргөн ашиглагдаж байна.
Монгол орны таримал ургамал, түүний зэрлэг удмын генетик нөөцийг цуглуулах, дэлхийн генофондын материалаар баяжуулах, тэдгээрийг судалж ашиглах салбарын өнөөгийн бүх ололт амжилтууд Ч.Дамба эрдэмтний хөдөлмөр зүтгэлийн гол үр дүн хэмээн онцлон дурьдсан юм.
Монгол Улсын гавъяат агрономич, доктор профессор Г.Даваадорж хэлэхдээ, Ч.Дамба Социалист орнуудийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай ургамлын генофондын чиглэлээр хамтын ажиллагаа тогтоож, таримлын үр, судалгааны багаж төхөөрөмж, арга зүйн дэмжлэг авч эхэлсэн нь Монгол орны ургамлын генофондын хөгжилд том дэвшил болсон. 1989 онд хөдөө аж ахуйн таримлын генофондын секторыг байгуулан, таримал ургамлын 14 мянга гаруй сорт бүхий Монголын анхны таримал ургамлын генофондын үндсийг тавьсан. 1991 онд Ургамлын генетик нөөцийн олон улсын байгууллагын Зүүн хойд Азийн орнуудын хамтын ажиллагааны чуулганд Ч.Дамба улсаа төлөөлөн оролцож, Хөдөө аж ахуйн таримлын генофондын секторыг тус байгууллагын гишүүнээр элсүүлж чадсан томоохон гавъяатайг онцлон дурссан юм.
Эрдэмтэн Ч.Дамба эрдмийн чуулганд өөрийн сэтгэгдлээ хуваалцахдаа, “Би гадаадад сургууль төгсч ирсэн агрономичдын тав дахь нь. Миний анхны шавь нар бол Монгол орны анхны агрономичид. Энэ үеэс Монголын газар тариалангийн түүх эхэлдэг. Үе үедээ Монгол орны газар тариалан хэрхэн хөгжиж ирснийг залуус маань мэдэж явах учиртай. Та нар бол энэ түүхийг үргэлжлүүлэн бичих, тасралтгүй үргэлжлэх залгамж холбоо юм. Харин үүний тулд шинжлэх ухаанч бай. Шинжлэх ухаанч байя гэвэл, аливаа зүйлийг ул үндсээр нь ухаж мэдэж, учрыг нь олж, зүй тогтлыг нь тайлж, хоорондын уялдаа холбоог нээж чаддаг байх учиртай юм. Та нарын эзэмшсэн мэргэжил, мэргэжилдээ байнга өсөн хөгжиж байхаас ургамал, газар тариалангийн цаашдын хөгжил дэвшил шалтгаална” хэмээн залуу эрдэмтдэд захиж байв.
Ч. Дамба гуай 1992 онд гавъяаныхаа амралтад сууж, дараа жил нь төрөлх Дундговь нутгаа зорьсон байна. Улс орон, ард түмний амьдрал хүндхэн, нийгмийн шилжилтийн амаргүй цаг хугацааг чадан ядан өнгөрүүлж байсан үе бол 1990- ээд оны эхэн байсан. Энэ үед төрөлх нутагтаа ногоон хувьсгалын эх үндсийг тавьж, ард иргэдийг хүнсний ногоо тарьж, амьжиргаагаа тордох арга ухаанд сургахаар тийнхүү нутгаадаа тэмүүлж ирснээс хойш 23 жил Мандалговь хотдоо аж төрж байна.
Т. Отгонтуяа