Австралийн өсвөр насны хэрэглэгчдийн нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-11-20 12:12:08

КАНБЕРРА, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BBC/. Австралид 16-гаас доош насныханд нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө тус улсын өсвөр насны хүүхдүүдийн “Instagram”, “Facebook”, “Threads” хаягуудыг хаахаар болжээ.  


Эдгээр гурван брэндийг эзэмшдэг “Meta” компани ирэх 12 дугаар сарын 4-нөөс эхлэн хаягийг нь идэвхгүй болгож эхэлнэ гэдгээ 13-15 насны хэрэглэгчдэд зурвас, цахим шуудан болон аппликейшний мессежээр дамжуулан мэдэгдэж эхэлжээ. 


Австралид 12 дугаар сарын 10-наас хэрэгжиж эхлэх хориг нь “TikTok”, “YouTube”, X, “Reddit” зэрэг хэд хэдэн платформыг хамарна. Ерөнхий сайд Энтони Альбанезе “дэлхийд анхных болох уг хориг нь хүүхдүүдийг хүүхдээр нь байлгах” зорилготой гэж мэдэгдсэн юм. Харин “Meta” болон бусад компаниуд уг арга хэмжээг эсэргүүцэж байгаа боловч дагаж мөрдөнө гэдгээ илэрхийлжээ.


Австралийн интернэтийн зохицуулагч байгууллагын тооцоолсноор, “Facebook”-ийг 13-15 насны 150 мянган хэрэглэгч, “Instagram”-ыг 350 мянган өсвөр насныхан хэрэглэдэг байна. Тэгвэл 12 дугаар сарын 4-нөөс эхлэн 16-гаас доош насны хүүхдүүд “Meta”-гийн нийгмийн сүлжээний платформууд дээр хаяг нээх боломжгүй.


Тус компани залуу хэрэглэгчдэд хаяг нээх эрхтэй болсон үед нь мэдэгдэл хүргүүлэхийн тулд холбоо барих мэдээллээ шинэчлэхийг хүсэж байгаагаа мэдэгдсэн байна. Тэд хаяг нь хаагдахаас өмнө пост, дүрс бичлэг, зурвасуудаа татаж аваад хадгалах боломжтой юм.


“Meta” компанийн мэдээлснээр, “Instagram”, “Facebook”, “Threads” ашиглах насанд хүрсэн өсвөр насныхны хувьд нүүр царайгаар насыг тогтоох “видео селфи” хийж явуулах боломжтой байна. Мөн жолооны үнэмлэх эсвэл төрөөс олгосон бусад үнэмлэхийг ашиглах боломжтой гэнэ.


Харин 16-гаас доош насны хүүхдүүдийн хаягийг хаах талаар “тодорхой алхам” хийгээгүй нийгмийн сүлжээний платформуудад 50 сая хүртэлх австрали долларын /25 сая фунт стерлинг/ торгууль ногдуулна. “Meta”-гийн хувьд 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээний аппликейшн татаж авахаасаа өмнө эцэг эхийн зөвшөөрөл авах ёстой гэсэн хууль гаргахыг хүсэж байна.


Австралийн Цахим аюулгүй байдлын асуудал эрхэлсэн комиссар Жули Инман Грант хэлэхдээ, энэхүү хориг нь өсвөр насныхныг “нийгмийн сүлжээний хэрэглээнээс үүдэн учирч болзошгүй дарамт, эрсдэлээс хамгаалах зорилготой” гэж мэдэгджээ. Хоригт хамрагдахаас зайлсхийхийн тулд энэ долоо хоногт тоглоомын “Roblox” платформ 16-гаас доош насны хүүхдүүдийг насанд хүрсэн танихгүй хүмүүстэй чатлах боломжгүй болгоно гэж мэдэгдсэн байна.


Австралийн нийгмийн сүлжээний хориг ямар компаниудад хамаарах вэ?

Цахим аюулгүй байдлын асуудал эрхэлсэн комиссар насны хязгаарлалт ямар нийгмийн сүлжээний платформуудыг хамрахыг жагсаасныг дурдвал, “Facebook”, “Instagram”, “Kick”, “Reddit”, “Snapchat”, “Threads”, “TikTok”, X (хуучнаар Twitter), “YouTube” багтаж байна. Харин уг хоригт хамаарахгүй платформууд нь “Discord”, “GitHub”, “Google Classroom”, “LEGO Play”, “Messenger”, “Roblox”, “Steam and Steam Chat”, “WhatsApp”, “YouTube Kids” юм.

 


Related news