Д.Трампын оройн зоогийн үеэр буудалцаан болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 26 /DW/. Өчигдөр буюу бямба гаргийн үдэш "Вашингтон Хилтон" зочид буудалд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сэтгүүлчдийн хамт оройн зоог барьж байх үеэр нэгэн этгээд гал нээсний дараа тэнд байсан Ерөнхийлөгч болон түүний засаг захиргааны гишүүдийг аюулгүй газарт аваачсан байна.
Оройн зоог барьж байсан дайллагын
танхимыг нууц албаныхан бүрэн бүсэлжээ. Тэнд байсан 100 гаруй хүн Трампын үг
хэлэхийг хүлээж байх үед 5-8
удаа буун дуу сонсогджээ. Буудсан этгээд танхимд нэвтэрч чадаагүй байна.
Оройн зоогт Трампаас гадна тэргүүн
хатагтай Меланиа Трамп, дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс, батлан хамгаалахын сайд
Пит Хегсет, Төрийн нарийн бичгийн М.Рубио оролцож байв.
Хэсэг хугацааны дараа буудсан этгээдийг нууц албаныхан баривчилсан бөгөөд энэ тухай Ерөнхийлөгч Д.Трамп Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.
“Нууц албаны ажилтнууд болон хууль сахиулах байгууллагууд хурдан бөгөөд зоригтой ажиллалаа. Буудсан этгээдийг баривчилсан. Би оройн зоогийг үргэлжлүүлье гэсэн, гэхдээ хууль сахиулах байгууллагуудын зөвлөмжийг дагана” гэж Трамп бичсэн байна.
Хэрэг явдал болсноос хойш хэсэг хугацааны дараа тэрбээр хэвлэлийн хурал хийжээ. Түүний хэлснээр, халдагч этгээд хэд хэдэн буутай байсан бөгөөд Нууц албаны нэгэн ажилтан суманд өртсөн боловч сум нэвтэрдэггүй хантааз нь түүний амийг аварсан байна.
Хэрэг явдлын улмаас сэтгүүлчидтай хийж байсан уулзалтыг хойшлуулахаар шийдвэрлэжээ.
CNN агентлагийн мэдээлснээр, халдлага
үйлдсэн этгээд нь Калифорнид оршин суудаг 30 настай эрэгтэй байжээ.
Колумбиа тойргийн цагдаагийн газрын даргын
хэлснээр, баривчлагдсан этгээд чухам ямар сэдлээр халдлага үйлдсэнийг одоогоор тогтоогоогүй
байна.