45 ДАХЬ ДОЛОО ХОНОГ: Нью-Йоркийн даргаар анх удаа мусульман шашинтан сонгогдлоо
ТОЙМ
УЛААНБААТАР, 2025 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногт шатдаун буюу АНУ-ын засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолт 39 дахь хоногтоо буюу хамгийн удаан хугацаагаар үргэлжилж, Нью-Йорк хотын даргын сонгуульд анх удаагаа мусульман шашинт хүн ялж, Судан, Танзани, Нигерид дэгдсэн үймээн самууны улмаас олон зуун хүн амиа алджээ.
Мөн Перу улс Мексикээс дипломат харилцаагаа тасалсан бол Оросын арми Покровск хотыг эзлэн авахад тун ойртсон гэх зэрэг үйл явдлууд болж өнгөрчээ. Ингээд өнгөрч буй долоо хоногт дэлхий дахинд болсон гол үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Нью-Йоркийн даргаар анх удаа мусульман шашинтан сонгогдлоо

“Америкийн Ардчилсан Социалистууд” гэдэг байгууллагын гишүүн Зохран Мамдани Нью-Йорк хотын даргын сонгуульд ялснаар түүхэнд анх удаа лалын шашинт хүн тус хотыг удирдахаар боллоо. Тэрбээр 50.35 хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч, Нью-Йорк муж улсын захирагч асан Эндрю Куомо 42 хувийн санал авчээ. Мамдани баячуудын татварыг нэмэгдүүлэх, 2030 он гэхэд цалингийн доод хэмжээг цагт 16.50 ам.доллароос 30 ам.доллар болгож өсгөхийн төлөө тэмцдэг хүн юм. Тэрбээр Нью-Йорк хотыг жирийн ажилчин хүн амьдрахад таатай хот болгох, орон сууцны түрээсийг бууруулах, хүүхэд асрах үйлчилгээг үнэгүй болгох гэх мэт зорилт дэвшүүлсэн нь нью-йоркчуудын талархлыг хүлээжээ. З.Мамдани хотын даргын сонгуульд 1 саяас дээш тооны санал авсан бөгөөд 1969 онд Жон Линдсейгээс хойш хэн ч ийм хэмжээний санал авч байгаагүй юм.
СОР30 эхэллээ

Дэлхийн уушги болох Амазоны их ойтой хаяа дэрлэн орших Бразилын Белем хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал (COP30)-ын дээд түвшний уулзалт эхэлж, түүнд 197 улсын төлөөлөгчид, тэдний дотор 16 улсын Ерөнхийлөгч, хаадын гэр бүлий гурван төлөөлөгч, 10 улсын Ерөнхий сайд оролцож байна. Монгол Улсыг төлөөлж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг оролцож, баасан гарагт манай улсын байр суурийг танилцуулж, үг хэллээ.
Дээд хэмжээний уулзалтын үндсэн зорилго бол үр дагавар нь улам бүр мэдрэгдэж буй дэлхийн дулаарлын эсрэг хийж буй тэмцлийн шинэ арга замуудыг хэлэлцэн боловсруулах явдал юм.
COP30 бол G20 ба БРИКС-ийн уулзалтуудын
дараа Бразил улсын зохион байгуулж буй гурав дахь том уулзалт бөгөөд энэ нь тус
улс Дэлхийн Өмнөд хагас бөмбөрцөгт манлайлагчийн үүргийг гүйцэтгэж буйг харуулж
байна.
Суданы босогчид олон зуун хүнийг хөнөөжээ

“Шуурхай хариу ажиллагааны хүч” гэдэг босогчдын бүлэглэл /RSF/ Суданы Дарфур мужийн засаг захиргааны төв болох Эль-Фашер хотыг эзлэн авсныхаа дараа хүмүүсийг олноор нь цаазлан хороосныг НҮБ, Олон улсын Улаан загалмай нийгэмлэг эрс зэмлэн буруушаалаа.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, босогчид зөвхөн нэг эмнэлэгт эмчлүүлж байсан болон тэднийг сахиж байсан 460 хүнийг хөнөөжээ. Мөн 2023 оны дөрөвдүгээр сараас хойш Суданы эмнэлгүүд рүү халдсан тохиолдол 185 удаа гарсан бөгөөд 1204 хүн амиа алдаж, 416 хүн шархадсан байна.
Шатдауны улмаас 3,2 сая зорчигч хохироод байна

Олон хоног үргэлжилж буй шатдауны улмаас нислэгийг удирдах төвүүдийн ажилтнуудын тоо цөөрч байгаа тул АНУ-ын хамгийн ачаалал ихтэй 40 нисэх онгоцны буудлуудаас хөөрч буудаг нислэгийн тоог 10 хувиар бууруулж магадгүй гэдгээ Д.Трампын засаг захиргаа мэдэгджээ.
10 дугаар сарын 1-нд шатдаун буюу засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолт эхэлснээс хойш түүхэнд үзэгдээгүй хамгийн удаан хугацаагаар буюу 39 хоногийн турш үргэлжилж, олон мянган нислэг цуцлагдсаны улмаас 3,2 сая гаруй зорчигч хохироод байна.
Перу улс Мексикээс дипломат харилцаагаа тасалжээ

Перугийн Ерөнхий сайд асан Бетси Чавест улс төрийн орогнол олгохоор Перугийн нийслэл Лима хот дахь Мексикийн ЭСЯ шийдвэрлэсэнтэй холбогдуулан Перу улс Мексиктэй тогтоосон дипломат харилцаагаа тасалсан байна.
2022 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Педро Кастильогийн эсрэг импичментийн санал хураалт болох гэж байх тэр үед онц байдал зарлаж, Перугийн парламентыг тараахаар оролдсон хэмээн Б.Чавесыг буруутгаж, Ерөнхий прокурорын газраас түүнд 25 жилийн хорих ял оноохыг шаардаж байгаа юм.
Старбакс Хятад дахь бизнесээ өргөжүүлнэ
Хямд үнийг санал болгодог Хятад дахь компаниудтай өрсөлдөхийн тулд Starbucks компани шинээр байгуулсан хамтарсан компанид эзэмшиж буй хувьцааныхаа хяналтын багцыг Хонконгт байрладаг Boyu Capital хувийн хөрөнгө оруулалтын компанид худалдахаар шийдвэрлэсэн байна. Ийм хэлцэл хийснээр Starbucks компани Хятад дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж, одоо ажиллаж буй 8 мянган кофе-шопоо 20 мянгад хүргэх зорилт тавьжээ.
Амазоны ашиг орлого эрс нэмэгджээ

Amazon Web Services гэдэг салбараараа дамжуулан OpenAI компанийн өгөгдлийн төвийн хүчин чадлыг өргөтгөх 38 тэрбум долларын гэрээ байгуулсны дараа Амазон компанийн нэгж хувьцааны ханш түүхэн дээд үзүүлтэд хүрчээ. Үүний өмнөхөн гаргасан тайланд дурдсанаар, компанийн үүлэн тооцооллын бизнесийн улирлын орлого 20 хувиар өссөн байна. Ингэснээр цэвэр ашгийн хэмжээ 40 орчим хувиар өсөж, 21,2 тэрбум долларт хүрчээ.
Аваргуудын лигийн өнгөрсөн оны аварга хожигджээ

Аваргуудын лигийн тэмцээний үндсэн шатны IV тойргийн тоглолтууд ширүүн өрсөлдөөнтэй өрнөж, тэмцээнд түрүүлэх магадлалтай ПСЖ, “Реал” багууд хожигдол хүлээлээ. Английн “Ливерпүүл” багийн хөлбөмбөгчид өөрийн талбайд Испанийн “Реал” багийг 1:0 харьцаагаар хожсон өнгөрсөн оны аварга Францын “Пари-Сен Жермен” баг Германы “Бавариа”-д 2:1-ээр хожигдлоо. Мөн Азербайжаны “Карабах” багийн хөлбөмбөгчид Английн хүчирхэг “Челси” багтай 2:2 харьцаагаар тэнцсэн нь багагүй дуулиан тарьсан байна. Харин тус тэмцээнд анх удаагаа оролцож буй Казахстаны “Кайрат” баг Италийн алдарт “Интер” багтай талбайд нь тун сайн тоглож, эхний үеийг 1:1 харьцаатай дуусгаж, тоглолтыг тэнцээгээр өндөрлүүлэх боломжтой байсан боловч 67 дахь минутанд гоол алджээ.
Ирэх долоо хоногт болох гол үйл
явдлууд:
- НҮБ-ын Суурь конвенцын Талуудын
30 дугаар бага хурал (COP30)-ын дээд түвшний уулзалт үргэлжлэн явагдана
- Даваа гарагт Энх тайван, хөгжлийн
төлөөх дэлхийн шинжлэх ухааны өдөр тохионо
- Лондон хотноо Букерийн шагналын
эзнийг зарлана
- Сирийн түр Ерөнхийлөгч Ахмеда
аш-Шараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзана
- Мягмар гарагт Иракт парламентын
сонгууль явагдана
- Канадын Онтарио хотноо G7-гийн
орнуудын Гадаад харилцааны сайд нарын уулзалт болно
- Лхагва гарагт Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ОХУ-д айлчлал хийхээр хүрэлцэн ирнэ
- Пүрэв гарагт Олон улсын эрүүгийн шүүхээс
Бангладешийн Ерөнхий сайд асан Шейх Хасинад хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг
үйлдсэний учир ял онооно
- Баасан гарагт Брюссель хотноо Европын Холбооны эдийн засаг, санхүүгийн Зөвлөлийн хуралдаан болно
- Ням гарагт Чилид ерөнхийлөгчийн ба парламентын сонгууль болно
- 2025 оны улирлын төгсгөлийн ATP буюу Мэргэжлийн шилдэг эрэгтэй теннисчдийн Nitto ATP Finals 2025 тэмцээн 9-16-ны өдрүүдэд Италийн Турин хотноо явагдана.
- Элсний волейболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өмнөд Австралийн нийслэл гэгддэг Аделайд хотноо баасан гарагт эхэлж, 10 хоногийн турш үргэлжилнэ. Тус тэмцээнд оролцохоор дэлхийн 40 орны 96 баг тамирчид/эрэгтэй 48, эмэгтэй 48/ мэдүүлгээ өгчээ.
- Ням гарагт Симферополь хотноо Крымийн марафон эхэлнэ
Ulaanbaatar