Дэлхийн газрын тосны зах зээлд өсөлт ажиглагдаж, геополитикийн эрсдэл нэмэгдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын олон улсын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна.
Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ
(2026.04.20-2026.04.26)
"NIKKEI-225" ИНДЕКС 60,000 НЭГЖИЙН БОСГЫГ ДАВАВ: ТЭРГҮҮЛЭГЧ AI ХУВЬЦААНУУД
Токиогийн хөрөнгийн биржийн Пүрэв гаргийн арилжааны явцад "Nikkei-225" индекс 60,013.98 нэгжид хүрч, 1950 онд бий болсноосоо хойш анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа. Энэхүү түүхэн амжилтыг SoftBank Group (+6.4%), Advantest (+2.65%), Tokyo Electron (+1.76%), Fujikura (+0.65%) зэрэг AI болон хагас дамжуулагчтай холбоотой компаниудын хувьцааны хүчтэй өсөлт тэтгэсэн байна.
Гэвч рекорд тогтоосны дараа удалгүй ашиг авалт эхэлж, хаалтанд индекс 58,952.11 нэгжид хүрч 1.06% буурсан бөгөөд “TOPIX” индекс ч мөн 0.76%-иар буурч 3,716.38 нэгжид хаагдлаа. Токиогийн хөрөнгийн биржийн нийт 1,600 гаруй компанийн зөвхөн 23% нь өсч, 72% нь буурсан нь өсөлт зах зээлд өргөн тархаагүйг харуулав.
Өсөлтийн гол хөдөлгүүрүүд:
- SoftBank Group +6.4%: Охин компани Arm Holdings-ийн AI чип хөгжүүлэлтийн мэдэгдэл болон AI роботикийн хөрөнгө оруулалт нь тус компанийг долоо хоногийн тэргүүлэгч болгов.
- Advantest +2.65%, Tokyo Electron +1.76%: ASML болон TSMC нарын хагас дамжуулагч тоног төхөөрөмжийн эрэлтийн таамгаа дээшлүүлснийг дагаад Японы чип сектор дэлхийн хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд оров.
- АНУ-Иран гал зогсоолтын сунгалт: Пакистаны зуучлалаар Трамп гал зогсоолтыг тодорхойгүй хугацаагаар сунгасан нь арилжааны эхэн цагт эрсдлийн хандлагыг дэмжсэн гол дохио болжээ.
Сүүлийн саруудад Японы зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчдын урсгал нэмэгдэж, харьцангуй зөөлөн мөнгөний бодлого, компанийн засаглалын сайжрал зэрэг нь зах зээлийг дэмжиж ирсэн. Ялангуяа технологийн салбарын өсөлт богино хугацаанд индексийг огцом өсгөсөн. Гэсэн хэдий ч зах зээлийн өсөлт хурдтай явагдсанаас үүдэн үнэлгээ өндөрдсөн байж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж, арилжааны төгсгөлд засварын хөдөлгөөн ажиглагдлаа. Үүнтэй зэрэгцэн Ойрх Дорнодын геополитикийн нөхцөл байдал хурцдаж, Иран Ормузын хоолойд хөлөг онгоц саатуулсан тухай мэдээлэл гарснаар газрын тосны үнэ өсөж, эрсдэлээс зайлсхийх хандлага нэмэгджээ. Үүний нөлөөгөөр ам.долларын ханш чангарч, 1 ам.доллар = 159 иен орчимд хүрсэн нь хөрөнгө оруулагчдын байр сууринд нэмэлт дарамт үзүүлэв.
АНУ-ИРАНЫ ХЭЛЭЛЦЭЭ ЦУЦЛАГДАЖ, ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ӨСЛӨӨ
АНУ-Ираны хооронд Пакистанд хийхээр төлөвлөж байсан хоёр дахь шатны хэлэлцээ цуцлагдсантай холбоотойгоор дэлхийн газрын тосны зах зээлд өсөлт ажиглагдаж, геополитикийн эрсдэл нэмэгдлээ.
Арилжааны мэдээллээр, Brent маркийн газрын тосны долоодугаар сарын фьючерс үнэ 2.30%-иар өсөж $101.41/баррель, харин WTI төрлийн газрын тосны зургадугаар сарын гэрээ 2.15%-иар нэмэгдэж $96.43/баррель-д хүрсэн байна. Энэ нь нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж буй хүлээлт зах зээлд туссаныг илтгэнэ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пакистаны нийслэл Исламабад хотод хийхээр төлөвлөсөн төлөөлөгчдийн айлчлалыг цуцалснаа мэдэгдэж, дараа нь Ираны талаас илүү ашигтай шинэ санал ирсэн талаар дурдсан байна. Харин Ираны тал анхнаасаа АНУ-тай албан ёсны уулзалт товлогдоогүй гэж мэдэгдсэн нь талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байгааг харуулж байна.
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан Пакистаны Ерөнхий сайдтай хийсэн яриандаа шахалт, хориг арга хэмжээ болон боомтын хязгаарлалтын нөхцөлд энхийн хэлэлцээнд оролцох боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Энэ нь хоёр талын харилцаа ойрын хугацаанд ахиц гарах магадлал бага байгааг илтгэнэ.
Энэхүү нөхцөл байдал нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн гол зангилаа болох Ормузын хоолойн эрсдэлийг дахин нэмэгдүүлж, зах зээлд тодорхойгүй байдлыг хадгалж байна. Тус хоолойгоор дэлхийн нефтийн нийлүүлэлтийн ойролцоогоор 20% дамждаг бөгөөд аливаа тасалдал нь үнийн хэлбэлзэлд шууд нөлөөлдөг. Хэлэлцээр урагшлахгүй байгаа нь геополитикийн эрсдэлийн нэмэлт “premium”-ийг газрын тосны үнэд шингээж, инфляц болон зардлын дарамтыг дэлхийн хэмжээнд нэмэгдүүлэх суурь хүчин зүйл хэвээр байна.
Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм
2026 оны 4-р сарын 21–25-ны долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд геополитикийн нөхцөл байдал болон корпорацийн ашгийн мэдэгдлүүдийн нөлөөг зэрэг шингээсэн, харилцан зөрчилтэй динамиктай байлаа. АНУ–Ираны гал зогсоох хугацааны дуусалт болон Ормузын хоолойн тасалдал үргэлжилсэн нь ялангуяа Европын зах зээлд дарамт үзүүлж, эрчим хүчний өртөг өсөх, инфляцын дарамт нэмэгдэх хүлээлтийг дэмжсэн байна. Үүний зэрэгцээ дэлхийн зах зээлүүд бүс нутгаар ялгаатай гүйцэтгэлтэй байж, АНУ-д холимог хөдөлгөөн, Европт өргөн хүрээний бууралт, харин Азид харьцангуй хүчтэй сэргэлт ажиглагдлаа. Энэ нь зах зээлийн чиг хандлага нэгэн жигд бус, харин макро орчин, салбарын бүтэц, хөрөнгө оруулагчдын эрсдэлийн үнэлгээ зэргээс хамаарсан тархмал шинжтэй хэвээр байгааг илэрхийлж байна.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
S&P 500: +0.67%
Dow Jones: -0.39%
Nasdaq: +1.72%
АНУ-ын зах зээлд индексүүдийн гүйцэтгэл зөрүүтэй байж, Nasdaq-ийн өсөлт нь технологи болон өсөлтийн хувьцаануудын эрэлт хадгалагдсаныг харуулж байна. Харин Dow Jones-ийн бууралт нь аж үйлдвэр, уламжлалт салбарууд харьцангуй сул гүйцэтгэлтэй байсныг илтгэнэ. Зах зээлд өргөн хүрээний өсөлт ажиглагдаагүй, харин сонгомол худалдан авалт давамгайлж, хөрөнгө оруулагчид тодорхой сегментүүдэд төвлөрсөн хэв шинж ажиглагдлаа. Мөн зах зээлд хүүний хүлээлт, инфляцын чиг хандлагатай холбоотой тодорхойгүй байдал бүрэн арилгагдаагүй байгаа нь индексүүдийн жигд өсөлтийг хязгаарласан хүчин зүйл болов.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
FTSE 100: -2.17%
STOXX Europe 600: -0.90%
DAX 40 (Герман): -2.32%
CAC 40 (Франц): -1.88%
Европын зах зээлүүдэд бууралт жигд тархаж, өмнөх өсөлтийн дараах засвар (correction) илүү тод илэрлээ. DAX 40 болон FTSE 100 индексүүдийн бууралт нь аж үйлдвэрийн болон экспортод чиглэсэн компаниудын ханшид дарамт үүссэнийг илтгэнэ. Үүнээс гадна бүс нутагт эдийн засгийн өсөлтийн хүлээлт, инфляц болон мөнгөний бодлогын чиглэлтэй холбоотой тодорхойгүй байдал хадгалагдсан нь хөрөнгө оруулагчдын эрсдэл бууруулах байр суурийг дэмжсэн байна.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Nikkei 225: +2.12%
KOSPI: +6.86%
CSI 300: +0.86%
SSEC: +0.70%
Азийн зах зээлүүдэд өсөлт давамгайлж, ялангуяа KOSPI-ийн +6.86%-ийн өсөлт нь технологи болон экспортын салбарын сэргэлттэй холбоотой байв. Япон мөн эерэг гүйцэтгэлтэй байсан бол Хятадын зах зээлүүд харьцангуй бага өсөлттэй, тогтуун динамик үзүүлсэн нь дотоод эдийн засгийн нөхцөл болон хөрөнгө оруулагчдын болгоомжлол бүрэн арилгагдаагүй байгааг илтгэнэ. Азийн зах зээлүүдийн хувьд гадаад эрсдэлийн нөлөө харьцангуй буурч, дотоод бодлого болон салбарын суурь үзүүлэлтүүд илүү нөлөөлсөн долоо хоног байв.
