MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

ДОРНОД: Хосоо байнга сольдог тогоруу

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-10-08 17:45:21

Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Тогорууг хосоо сольдоггүй, хамгийн үнэнч шувуу гэдэг. Тэгвэл ноднин хавар Чух шувуу судлалын сууринд бүртгэгдсэн 034 дугаартай эр цэн тогоруу сүүлийн зургаан жилд 4 эм тогоруутай хос болсон байж тун магадгүй байгаа гэнэ.


Сонирхуулбал, ноднин хавар Шар мөрөнд бөгжтэй хэд хэдэн тогоруу бүртгэгдсэний дотор 218 дугаарын бөгжтэй эм тогоруу байсан аж. Чух шувуу судлалын суурингийнхан дээрх 218-ыг уржнан зун дэргэдэх жижиг бүрдэнд үүрлэсэн байхад нь барьж бөгжилж байжээ. Харин хос нь болох эрийг 2018 онд анх барьж бөгж зүүхэд тухайн үед Хурхаас бөгжилсөн өөр нэг эм тогоруутай хос байсан байна. Үүнээс хойш 034 дугаартай эр тогоруу 2020 онд ирэхдээ ямар ч бөгжгүй өөр нэг эм тогоруу дагуулж ирж, Чух нуур орчимд үүрлэжээ. Мөн дараа нь 2023 онд 034 маань хосоо дахиад сольсон шинжтэй байгааг шувуу судлаачид ажигласан байна. Учир нь өмнөх жилүүдэд үүрлэснээсээ огт өөр газар үүрлэсэн учир эм тогорууг нь барьж уржнан зун 218 дугаартай бөгжийг зүүсэн байна. Гэтэл дараа хавар нь 218 дугаартай эм тогоруу Шар мөрөнд 077 бөгжтэй өөр нэг эр тогоруутай хос болчихсон, далавчаа дэвэлцэн дуу хууртай явсан гэнэ.    


Шувуу судлаачдын таамаглаж буйгаар алдарт 034 бөгжтэй эр маань эндсэн ч байж болох. Харин Шар мөрөнд яваа, дээр дурдсан хосын эр нь болох 077-г Чух шувуу судлалын суурингийнхан 2019 онд дэгдээхэй байхад нь Улз голын хөндийгөөс барьж бөгжилж байжээ.  

Related news