MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

Х.Нямбаатар: Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-08 09:36:18

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. "Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малаа авч гарахгүй бол 11 дүгээр сарын 1-нээс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрладаг нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяанд байдаг тэжээлийн талбайд бүх адууг хашна. Адуугаа авахад нь торгууль ноогдуулж, хоногийн тэжээлийн мөнгийг нь төлүүлнэ” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдлээ.


Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг НИТХ-ын 2024 оны 9 дүгээр тогтоолоор баталсан. Хотын төвийн Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Гачуурт, Хонхор, Жаргалант, Эмээлт, Туул тосгон, Өлзийт хорооноос бусад бүх хорооны нутаг дэвсгэр, алсын гурван дүүргийн суурьшлын бүс, Богд уул орчимд мал аж ахуй эрхлэхийг хориглосон.


Сүүлийн үед эдгээр хориглосон бүс, хотын төвийн хэсгээр адуу мал бэлчиж байгаа талаар иргэдээс гомдол ирүүлж байна.


Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар, “Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд иргэд адуугаа бэлчээж чипээр хянаад суудаг болсон байна. Үүний уршгаар гудамж талбай адууны хомоолоор дүүрч байна. Хот дотор мал бэлчих нь нийтийн эзэмшлийн зам, талбайг бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гарах, халдварт, гоц халдварт өвчин тархах зэрэг эрсдэлтэй" гэв.

Related news