Хөл бөмбөгийн ДАШТ-ий албан ёсны бөмбөгийг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-10-03 12:57:23

НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 3 /AFP/. АНУ, Мексик, Канадад 2026 онд болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ албан ёсны бөмбөгийг Олон улсын хөл бөмбөгийн холбооноос /ФИФА/ танилцууллаа. Энэхүү бөмбөгийг бүтээхдээ өндөр технологийн дэвшлийг дизайны нарийн шийдлүүдтэй хослуулжээ. 


“Трионда” хэмээн нэрлэсэн уг бөмбөгийг Германы Adidas” компанид үйлдвэрлэжээ. Тус компани 1970 оноос хойш ДАШТ-ий албан ёсны бөмбөгийг нийлүүлж буй юм. ФИФА-гийн тэргүүн Жанни Инфантино пүрэв гарагт Нью-Йоркт болсон үйл ажиллагааны үеэр бөмбөгийг танилцуулах үеэрээ хэлэхдээ, “Трионда-г танилцуулж байгаадаа баяртай, бахархалтай байна хэмээв.


Түүхэндээ анх удаа 48 баг өрсөлдөх ДАШТ-ийг гурван улс хамтран зохион байгуулах гэж буй нь бөмбөгний нэр болон улаан, цэнхэр, ногоон өнгийг хослуулсан загварыг зохиоход дөхөм болжээ. Мөн Канадын агч модны навч, Мексикийн бүргэд, АНУ-ын оддыг дүрсэлснээр зохион байгуулагч улс бүрийн бэлгэдлийг шингээж өгсөн байна.


Нүдээр харахад тийм ч ил тод харагдахгүй технологийн дэвшлүүдийн тухайд гэвэл, нойтончийглэг нөхцөлд зуурах чадварыг сайжруулахуйц байдлаар товойлгон урласан дүрснүүд зэргийг дурдаж болно. Хөдөлгөөн мэдрэгч чип нь бөмбөгний хөдөлгөөний талаарх мэдээллийг дамжуулж, видео шүүгчийн /VAR/ систем рүү өгөгдлийг илгээнэ.


Албан ёсны бөмбөгийг танилцуулсан нь ирэх оны зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний хооронд Хойд Америкт болох ДАШТ-ий хувьд бас нэгэн чухал үйл явдал болж байна. ФИФА тасалбарын цахим борлуулалтыг үе шаттайгаар эхлүүлсэн бөгөөд эхний шатанд 216 улс орон, нутаг дэвсгэрээс 4.5 сая гаруй хөгжөөн дэмжигч оролцжээ. Тэмцээний сугалаа 12 дугаар сарын 5-нд Вашингтонд болно.

Related news