"Сан-Сиро" цэнгэлдэх хүрээлэнг "Милан", "Интернационале" клубүүдэд худалдана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
РОМ, 2025 оны аравдугаар сарын 1 /Anadolu/. Милан хотын зөвлөл "Жузеппе Меацца" гэдэг нэрээрээ мөн алдартай "Сан-Сиро" цэнгэлдэх хүрээлэнг Италийн Сери А-д тоглодог “Милан”, “Интернационале” клубүүдэд худалдахаар шийдвэрлэжээ.
Италийн хэвлэлүүдэд мэдээлснээр, шөнө орой болтол үргэлжилсэн хурлын дараа явуулсан санал хураалтаар цэнгэлдэх хүрээлэнг хоёр клубт худалдахыг зөвлөлийн гишүүдийн 24 нь дэмжсэн бол 20 нь эсэргүүцсэн байна.
Ингэснээр Миланы мөнхийн хоёр өрсөлдөгч болох “Милан”, “Интер” багууд олон жилийн турш ээлжилж тоглолтоо зохион байгуулж ирсэн энэ цэнгэлдэх хүрээлэнг худалдан авах эрхтэй болж байна. Клубүүд бичгээр хийсэн хамтарсан мэдэгдэлдээ “Сан-Сиро"-г худалдах шийдвэрийг хотын зөвлөл баталсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэ бол клубүүд болон хотын ирээдүйн төлөөх түүхэн бөгөөд чухал алхам мөн хэмээн онцолжээ.
Хамтарсан мэдэгдэлд мөн Милан хотын зөвлөлөөс албан ёсны мэдэгдлийг хүлээж байгааг тэмдэглээд, “клубүүд олон улсын хамгийн өндөр стандартад нийцсэн шинэ цэнгэлдэх хүрээлэн барих дараагийн алхмуудыг итгэлтэй, хариуцлагатайгаар хэрэгжүүлж, олон улсын жишигт нийцсэн шинэ цэнгэлдэх хүрээлэнг барьж, дэлхийн хэмжээний байгууламж, Миланы архитектурын шинэ бэлгэ тэмдэг, дэлхийн хөл бөмбөг сонирхогчдын хүсэл тэмүүллийн бэлгэ тэмдэг болгох зорилт тавьснаа дурджээ.
Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнг 1926 онд ашиглалтад оруулж, хоёр удаа шинэчилсэн байна. Шинэ цэнгэлдэх хүрээлэнг 2031 он гэхэд ашиглалтад оруулж, 2032 оны Европын АШТ-ий тоглолтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.