ГТБҮ ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээнийхээ 70 орчим хувийг хангах боломж бүрдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-19 14:25:09

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Газрын тос боловсруулах үйлдвэр (ГТБҮ)-т ажиллаж төслийг эрчимжүүлэх талаар холбогдох албаныхантай уулзлаа.


Энэ үеэр сайд Г.Дамдинням "Монгол Улсын эдийн засгийн хурдасгуур болох ГТБҮ-ийн төслийг Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч онцгой дэмжиж, хэрэгжилтэд нь байнга анхаарч байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэглээний өссөн дүнгээр тооцоход 53 хувь, ердийн хэрэглээгээр тооцоход 70 хувийг дотоодоос хангах боломж бүрдэнэ. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой. Төслийн явцыг 14 хоног тутамд хянан, шаардлагатай мэдээллийг авч, УИХ, Засгийн газрын түвшинд хэрэгжилтийг дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ гадаад зах зээлээс 100 хувь хамааралтайг багасгаж, эдийн засгийн дархлааг бэхжүүлэх нь ГТБҮ-ийн гол зорилго. Өнгөрсөн онд гэхэд 1.8 тэрбум ам.долларыг зөвхөн шатахуунд зарцуулсан тооцоо бий. Валютын энэ урсгалын 50 хувийг дотооддоо барьж чадвал, өөр зүйлд хөрөнгө оруулах боломжтой үүсэж, инфляц, валютын ханш тогтворжино" хэмээлээ.


Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт дөрвөн багц ажлаас бүрддэг. Эхний багц ажлаа бүрэн дуусгаж, 2024 онд улсын комисст хүлээлгэн өгснөөр барилга обьект, дэд бүтцийг зориулалтын дагуу ашиглаж байгаа. Харин 2, 3 дугаар багцын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралт төлөвлөгөөний дагуу үргэлжилж, газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажил 86.4 хувьтай байгааг төслийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг  тэмдэглэв. 


Сайд Г.Дамдинням БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветэй санал солилцож, ажлын явцтай нь танилцав. Мөн уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара оролцлоо.

 




Related news