Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 116.9 мянган хүн ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн дутуу ашиглалтын үзүүлэлтүүд болох ажилгүй иргэн энэ оны хоёрдугаар улиралд 2024 оны мөн үеийнхээс 16.2 мянга, цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч 5.5 мянга, боломжит ажиллах хүч 3.6 мянган хүнээр багасжээ.
Ажилгүйдлийн түвшин өмнөх 4 улирлын туршид 0.3-1.4 нэгж хувиар өссөн байна.
Эдийн засгийн үндсэн салбараар авч үзвэл, нийт ажиллагчийн 49 (681.7 мянга) хувь нь үйлчилгээний, 26.7 (370.6 мянга) хувь нь хөдөө аж ахуй, 24.3 (337.8 мянга) хувь нь аж үйлдвэр, барилгын салбарт байна. Дэд салбараар харвал 178.8 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар, үйлчилгээний, 116.9 мянга нь боловсруулах үйлдвэрийн, 112.6 мянга нь боловсролын салбарт ажиллаж байх юм.
Ой болон хөдөө аж ахуй, загас барилтын салбарт ажиллагчид 2024 оны мөн үеийнхээс 13.9, барилгын салбарт ажиллагч 16.6 хувиар нэмэгджээ. Боловсролын салбарт ажиллагч 14.5, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар, үйлчилгээний салбарт ажиллагч 9.5 хувиар багассан нь хамгийн их өөрчлөлт болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Ажиллагчдыг ажил мэргэжлийн
ангиллаар авч үзвэл, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан 366 мянга, мэргэжилтэн 232.4 мянга, худалдаа үйлчилгээний ажилтан 186.5 мянга,
үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан 159.6
мянга, машин механизм, төхөөрөмжийн операторч, угсрагч 141.3 мянга, энгийн
ажил, мэргэжлийн ажилтан 122.2 мянга, менежер 92 мянга, бусад төрлийн ажил
мэргэжлийн ажилтан 90.1 мянга байна.
Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтны эзлэх хувь 2.8 нэгж хувиар нэмэгджээ. Мэргэжилтний эзлэх хувь 2024 оны мөн үеийнхээс 2.8, худалдаа үйлчилгээний ажилтны эзлэх хувь 2.5 нэгж хувиар багассан нь хамгийн их өөрчлөлт аж.
Нийт 65.9 мянган хүн ажилгүй байна. Тэдний шалтгааныг задалж
харвал 39.1 хувь нь ажил хайгаад
олдохгүй, 10.3 хувь жирэмсэн, хүүхэд асардаг, 8.3 хувь нь мэргэжилд
тохирох ажил байхгүй, 7.4 хувь нь мэргэжил, дадлага туршлагагүй шалтгаанаар
хөдөлмөр эрхлээгүй байна.
Харин боломжит ажиллах хүч 24.2
мянга байгаа юм. Түүний 18.2 хувь нь жирэмсэн, хүүхдээ асардаг, 11.7 хувь нь
улирлын чанартай ажил эрхэлдэг, 10.8 хувь нь цалингаа голдог, 10.6 хувь нь
өвчтөн, ахмад настныг асарсан, 9.7 хувь нь тэтгэвэрт гарсан шалтгаанаар
хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцдоггүй байх юм.