Пакистанд үерийн улмаас 330 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-17 10:48:41

АНКАРА, 2025 оны наймдугаар сарын 17 /Kazinform/. Пакистаны хойд нутагт хүчтэй аадар бороо орж, үер болсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 330-д хүрсэн тухай Анадолу Ажанси агентлаг мэдээлснийг Kazinform уламжиллаа.


Geo News-ийн мэдээнд дурдсанаар, эрэн хайх-аврах багийнхан өнгөрсөн шөнийн турш ажиллаж, гэнэтийн үер, хөрсний нуралтад өртөж сүйдсэн барилгуудын нурангин дотроос олон хүний цогцсыг гарган авчээ.   


Хайбер-Пахтунхва мужид 307 хүн, Гилгит-Балтистаны бүс нутагт 12 хүн, Азад-Кашмир бүс нутагт 11 хүн амиа алдсан байна. Мөн Хайбер-Пахтунхва мужид 32 хүн сураггүй алга болжээ.


Пакистаны эрх баригчдын анхааруулж байгаагаар, тус улсын хойд нутагт орж буй хүчтэй аадар бороо 21-ний өдөр хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Ерөнхий сайд Шахбаз Шариф захирамж гаргаж, эм тариа, хүнс болон бусад шаардлагатай зүйлсийг Хайбер-Пахтунхва мужид нэн даруй хүргэхийг үүрэг болгожээ.


Өмнө нь мэдээлснээр, Энэтхэгийн Кашмирт болсон үерийн улмаас 60 орчим хүн амиа алдаж, 80 хүн сураггүй алга болсон байна.


“Үүлнүүдийн тэсрэлт” гэдэг байгалийн үзэгдлийн улмаас Энэтхэгийн Хималайн бүс нутгууд, Пакистаны хойд нутагт аадар бороо орж, гэнэтийн үер, хөрсний нуралт болж байна.


Цаг уурын  World Weather Attribution олон улсын сүлжээний судалгаанд дурдсанаар, дэлхийн дулаарлын улмаас Пакистанд 6 дугаар сарын 24-нөөс 7 дугаар сарын 23-нд орсон хур тунадасны хэмжээ 10-15 хувиар нэмэгджээ.

 

Related news