Вьетнамд “Буалой” хар салхины улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-09-30 12:19:25

ХАНОЙ, 2025 оны есдүгээр сарын 30 /Xinhua/. Вьетнамыг дайран өнгөрсөн “Буалой” хар салхи болон түүнээс үүдэлтэй үерийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 19-д хүрч, 88 хүн гэмтэж бэртсэн тухай Вьетнамын мэдээллийн VNA агентлаг мягмар гарагт мэдээлжээ


Мөн 13 хүн сураггүй алга болсон бол өөр найман хүнтэй холбоо тогтоож чадахгүй байгааг уг мэдээнд дурдсан байна. Нийт 105 мянга гаруй байшингийн дээвэр хууларч, эвдэрч сүйдсэнээс хамгийн их хохирол амссан төвийн нутгийн Ха Тинь мужид 78 800 байшин сүйджээ.


Вьетнамын Ерөнхий сайд Фам Минь Тинь гамшигт нэрвэгдсэн оршин суугчдад дэмжлэг үзүүлэх, хар салхины уршгийг арилгахын тулд яаралтай арга хэмжээ авах чиглэлийг орон нутгийн эрх баригчид болон холбогдох салбарынханд өгчээ. Тэрбээр 10 дугаар сарын 5-наас өмнө боловсрол, эмнэлгийн барилгуудыг засварлахыг үүрэг болгосон байна.


Ус цаг уурын мэдээний үндэсний төвийн мэдээлснээр, ойрын 2-3 хоногт үерийн гамшиг, хөрс нурах аюул нүүрлэх магадлал хэвээр байна.



Related news