Иргэд 20 их наяд төгрөгийн хадгаламжтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-08-15 09:34:35

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж 2025 оны 7 дугаар сарын эцэст 23 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 15 хувиар ахиу үзүүлэлт юм. Уг хадгаламжийн 20 их наяд төгрөг нь иргэдийнх, 3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна.


Валютын хадгаламж 5.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 19.6 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.


Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 42.6 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь оны мөн үеийнхээс 9.2 их наяд төгрөгөөр нэмэгджээ.


Зээлийн өрийн үлдэгдлийн 59.5 хувь нь иргэд, 38.2 хувь нь хувийн байгууллага, 1.0 хувь нь төрийн байгууллага, 1.2 хувь нь бусад байна.


Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 38.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь2024 оны мөн үеийнхээс 27.8 хувиар буурчээ. Хэвийн зээл, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.6 хувийг эзэлж байна.


Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.9 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 44.7 хувиар өсжээ. Гэхдээ энэ төрлийн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.4 хувь нь байна.


Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 186.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ Уг төрлийн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5 хувьтай тэнцэж байна.


Монголын Ипотекийн корпорац болон арилжааны банкнуудаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл энэ оны 6 дугаар сарын эцэст 10.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 1.8 их наяд төгрөгөөр нэмэгджээ.


Ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.7 хувийг хэвийн зээл, 1.5 хувийг анхаарал хандуулах зээл, 0.9 хувийг чанаргүй зээл эзэлжээ.


Монголбанкнаас зарласан төгрөгийн америк доллартой харьцах сарын дундаж ханш 3584.83 төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 204.0 төгрөгөөр суларчээ.


Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 4192.07 төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 528.2 төгрөгөөр суларсан юм.


Мөн рубльтэй харьцах сарын дундаж ханш 45.32 төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 6.5 төгрөгөөр сул байгаа аж. Улмаар юаньтай харьцах сарын дундаж ханш 499.87 төгрөг болжээ. Энэ нь 2024оны мөн үеийнхээс 34.3 төгрөгөөр суларсан байна


Монголбанкны гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны 7 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 18.3 тэрбум төгрөгөөр буурчээ. Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө болон банкны касс дахь бэлэн мөнгөний нийлбэрээр гүйлгээнд гаргасан бэлэн мөнгийг тооцдог.


Мөнгөний нийлүүлэлтийн 12 хувийг гадаад цэвэр актив, 88 хувийг дотоод цэвэр актив бүрдүүлжээ. Гадаад цэвэр актив 5.2 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь оны мөн үеийнхээс 44.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Дотоод цэвэр актив 38.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь оныхоос 5.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Related news