Э.Макрон, В.Путин нар 2022 оноос хойш анх удаа утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-02 10:04:18

ПАРИС, 2025 оны долоодугаар сарын 2 /DW/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нар 2022 оны есдүгээр сараас хойш анх удаа утсаар ярьжээ. 


Хоёр цаг гаруй үргэлжилсэн яриа хэлэлцээний үеэр Украинд явуулж Оросын дайн, Ойрх Дорнодын нөхцөл байдлын талаар ярилцсан тухай Елисейн ордон болон Кремлийн ордон мягмар гарагт мэдээлжээ. Хоёр удирдагч хэний санаачилгаар утсаар ярьсныг дурдаагүй байна.


Э.Макрон Украиныг тууштай дэмжинэ гэдгээ илэрхийлжээ

"Франц улс Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжинэ" гэдгийг Э.Макрон дахин нотолсны сацуу, В.Путинд хандан гал зогсоох саналыг аль болох хурдан зөвшөөрч, Киевтэй хэлэлцээ хийхийг уриалсан гэж Елисейн ордноос мэдээлжээ. 


Хариуд нь В.Путин барууны орнуудыг Украинд зэвсэг нийлүүлж байна гэж буруутгажээ. Тэрбээр мөн Украин дахь дайн бол “барууны улс орнуудын бодлогын шууд үр дагавар" гэж үздэг байр сууриа дахин илэрхийлээд үүнийг дуусгахын тулд зөрчилдөөн үүсэх болсон уг шалтгаануудыг арилгаж, "газар дээрх бодит нөхцөл байдалд" үндэслэх шаардлагатай гэж мэдэгдсэн тухай Кремль мэдэгджээ. 


Цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглах Ираны эрхийг хүлээн зөвшөөрчээ

Ойрх Дорнодын нөхцөл байдлын тухайд хоёр ерөнхийлөгч Ираны асуудлаарх хэлэлцээг аль болох ойрын үед эхлүүлэхийн тулд хамтын ажиллагаагаа уялдуулахаар тохиролцлоо гэж Елисейн ордон мэдээлжээ. Харин Кремлийн ордноос мэдээлснээр, В.Путин, Э.Макрон нар Техрантай зөрчилдөөнийг дипломат аргаар шийдвэрлэх ёстой, мөн Иран улс цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглах эрхтэй ч Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэдэгт санал нэгджээ.


Орос, Францын Ерөнхийлөгч нар санал бодлоо үргэлжлүүлэн солилцохын тулд дахин утсаар ярихаар тохиролцжээ. В.Путинтэй утсаар ярьсныхаа дараа Э.Макрон Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй утсаар ярьсан тухай Украины хэвлэлүүд мэдээлсэн байна. 


Э.Макрон, В.Путин нар хамгийн сүүлд 2022 оны есдүгээр сарын 11-нд Францын талын санаачилгаар утсаар ярьжээ. 

Related news