Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-08-27 10:57:55

ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах нөхцөлийг бүрдүүлж, дайныг зогсоохыг уриалсан олон мянган хүн Израил даяар мягмар гарагт жагсаал цуглаан өрнүүлжээ. 


Жагсагчид Тель-Авив хотын ойролцоох гол хурдны замыг хааж, хотын хойд хэсгийн нэгэн зам дээр дугуй шатаасан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Барьцаалагдсан болон сураггүй болсон гэр бүлүүдийн форумын зүгээс “Израилчууд хамтдаа уриан дор нэг өдөр эсэргүүцлийн жагсаал хийхийг уриалжээ.


Түүнчлэн Тель-Авив дахь АНУ-ын Элчин сайдын яамны байрны ойролцоо, мөн яамдын байрны гадна жагсаал болсон тухай Израилын хэвлэлүүд мэдээлсэн байна.


“Хэлэлцээний ширээн дээр тодорхой санал байна. Израилын удирдагчдыг ширээний ард сууж, зөвшилцөлд хүрэх хүртэл тэндээс босохгүй байхыг бид шаардаж байна” гэж 2023 оны 10 дугаар сард зэвсэгт этгээдүүдэд барьцаалагдсан хүүгийн эцэг Хагит Чен хэлснийг барьцаалагдсан хүмүүсийн ар гэрийнхнийг төлөөлдөг форумаас гаргасан мэдэгдэлд эш татжээ.


Идэвхтнүүд мөн Газа хотыг эзлэх шийдвэрээ эргэн харахыг Израилын засгийн газарт уриалсан байна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газад барьцаанд байгаа бүх хүнийг суллахын тулд яаралтай хэлэлцээ хийхийг үүрэг болгосны зэрэгцээ Газын зурвасын хамгийн том хотыг эзлэх төлөвлөгөөгөө улам эрчимтэй хэрэгжүүлж байгаа юм.


Газын зурваст нийт 50 гаруй хүн барьцаанд байгаагаас 20 нь эсэн мэнд байгаа гэж таамаглаж байна.



Related news