“Их хуралдай” түүхэн аялал жуулчлалын цогцолборыг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Биндэр суманд байрладаг есөн хөлт цагаан тугийн бэлгэдэлт Монгол төрийн "Их Хуралдай" орд өргөөг энэ сарын 22-нд нээв.
Энэхүү газар нь Их эзэн Чингис хаан хан цолонд өргөмжлөгдсөн, анхны Их хуралдай хурж, Их Монгол Улсын гал голомтыг бадраасан түүхэн дурсгалт газар юм.
Уг цогцолборт Чингис хааны байгуулсан төрийн сүлд шүтээн болох есөн хөлт Цагаан туг, Их хааны ургийн наран тамга, Гүег хааны тамганы дардас, Их Хуралдай хуралдах үеийн хаад, язгууртнуудын ордонд байрлан суух дэг ёсыг харуулсан зохиомж бүхий исэр сандал, туг хиур, хүндэтгэлийн орон зайг бий болгожээ. Мөн хаалга бүрийн дотор "Монголын нууц товчоо", "Шар тууж", "Асрагч нэртийн түүх" зэрэг түүхэн эх сурвалжийн эшлэлийг монгол бичгээр бичиж, цогцолборт нэг ч хадаас оруулалгүй углуургадаж бүтээсэн бөгөөд үндэсний болоод орчин үеийн шийдлийг хослуулсан аж.
Мөн Их Хуралдай цогцолборыг түүхэн сурвалж бичиг, эрдэмтэн судлаачдын бүтээлд тулгуурлан Засгийн газрын шийдвэрээр, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт орших Онон Хурхын бэлчирт байгалийн унаган төрх, газар зүйн онцлогт зохицуулан Цагаан нуурын ойролцоо бүтээн байгуулжээ.
Цогцолборын барилгыг “Мөнх-Өргөө” компани, барилгын интерьер, дотоод уран сийлбэр шинэчлэл, гадна цахилгаан хангамжийг “Хангайн цагаан чулуу” компани, барилгын зоорины ажил, гадна тохижилт, шугам сүлжээг “Мөнх-Өргөө” компани, “Нутгийн баруун мод” компани хамтран гүйцэтгэжээ.
Зүүн бүсийн
түүхэн аялал жуулчлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах "Их
Хуралдай" цогцолборын нээлтэд "Чингис хаан" үндэсний музейн удирдлагууд,
Хэнтий аймаг, Биндэр сумын албаны төлөөлөл болон нутгийн зон олон оролцсон талаар ССАЖЗЯ-наас мэдээлэв.