Монголын жүдо бөхийн баг 13 дугаарт жагсаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Унгарын Будапешт хотод болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий дөрөв өдрийн барилдаан өнөөдөр болно.
93 орны 550 гаруй шилдэг тамирчид чуулсан энэхүү тэмцээнд манай улс өнөөдрийн байдлаар нэг хүрэл медальтайгаар хүснэгтийн 13 дугаарт жагсаж байна. Монголын багийн цор ганц медалийг 60 кг-д олон улсын хэмжээний мастер К.Ёолк хүртсэн. Ингэснээр тэр Монголын жүдо бөхийн ДАШТ-ий 32 дахь медалийг эх орондоо авчирч байна. Түүнчлэн 2013 оноос хойш манай жүдочид ДАШТ-ээс медальгүй ирсэн түүх байхгүй бөгөөд энэхүү уламжлалыг К.Ёолк үргэлжлүүлэв.
Гурван өдрийн дараах байдлаар Японы баг гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар хүснэгтийг тэргүүлж байгаа бол Франц алт, мөнгө, хүрэлтэйгээр удаалж байна. Харин Итали, Гүрж, Бразил эхний тавд жагсаж байгаа юм. Эхний гурван өдөр зургаан жингийн барилдаан болсноос алтан медальтай дөрөв, ямар нэгэн байдлаар медаль хүртсэн 14 орон байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас 81 кг-д О.Шинэбаяр, 63 кг-д Л.Энхрийлэн, Б.Ганхайч нар дэвжээнд гарна. Б.Ганхайч эхлээд хийлсэн бөгөөд хоёрдугаар тойрогт энэ оны Европын аварга Захова, Солонгосын Шин Чэйвон нарын ялсантай барилдана. Харин Л.Энхрийлэнгийн хувьд Хорватын Кристо Катарина, Кубын Торо Карвахал нарын ялсантай оноолт таарав. Тэгвэл эрэгтэйчүүдийн 81 кг-д барилдах эхний тойрогт гоц мөргөлөө. Тэрбээр хоёрдугаар тойрогт АНЭУ-ын Нугзари Таталашвили, Австрийн Бернд Фачин нарын ялсантай шөвгийн 16-д шалгарахын төлөө барилдах юм.
Ташрамд дурдахад, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн К.Ёолк тэргүүтэй жүдо бөхийн хөнгөн жингийн тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.