Өрх бүрээс нэг иргэнийг ажилтай болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Засаг дарга, ЗДТГ өнгөрсөн 100 хоногт хийсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагналаа.
Гурван сарын хугацаанд тус аймгийн удирдлагууд ажилгүйдлийг багасгах, ажлын байрыг хадгалах чиглэлээр ҮЭХ, Ажил олгогч эздийн холбоо, АЗДТГ хамтран “Орон нутгийн нийгмийн түншлэл” гурван талт хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгууллаа. Мөн 2380 өрхөөс нэг ч иргэн хөдөлмөр эрхэлдэггүй гэсэн судалгаа гаргаж үүн дээр үндэслэн “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгууллаа.
Түүнчлэн “Болзошгүй аваарын зардал”-аас хөрөнгө гаргаж гэр хорооллын багуудад 26 нэр төрлийн ажил хийжээ. Үүнд үерийн суваг цэвэрлэх, гүүрэн гарц, явган хүний зам, хайрган хучилттай авто зам байгуулсан байна. Мөн АЗДТГ-т гурван хүний бүрэлдэхүүнтэй Гадаад харилцааны алба байгууллаа. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтыг орон нутагтаа татах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, боловсрол, соёл урлагийн чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж байгаа ажээ.
Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг яаралтай шийдвэрлэж БОЭТ-ийн Төрөх тасгийг бүрэн камержуулсан байна. Үүнд 24.1 сая төгрөг зарцуулжээ.
Б.Оюун-Эрдэнэ