НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн орлогч захирлыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-19 21:35:50

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн орлогч захирал доктор Александр Саша Бодирозаг энэ сарын 19-нд хүлээн авч уулзав.


Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг НҮБ-ын Хүн амын сантай хөгжүүлж буй хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийн талаар танилцуулав. Тэрбээр Монгол Улсын хүн амын хөгжил, ялангуяа охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудыг чадавхжуулах, жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр НҮБ-ын Хүн амын сан ихээхэн хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.


Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүн амын сангийн үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэнд доктор Александр Саша Бодироза гүн талархал илэрхийлээд, цаашид эхийн эндэгдлийг бууруулах, жендерийн тэгш бус байдлыг арилгах зэрэг тодорхой чиглэлээр үргэлжлүүлэн хамтын ажиллахаа илэрхийллээ гэж ГХЯ-наас мэдээллээ.

Related news