Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито УСУГ-т зочиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочлов.
Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитог УСУГ-ын дарга Ц.Төрхүү угтан авч, тус байгууллагын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна. Японы Хөгжлийн албан ёсны тусламжийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Ус хангамжийн эх үүсвэрийн нөөцийн хайгуулыг хийх ажил” (1991-1996 онд), “Ус хангамжийн системийг нэн яаралтай шинэчлэх мастер төлөвлөгөөний өргөтгөл шинэчлэлийн эхний ээлж” (1997-2000 онд), хоёрдугаар ээлж (2005-2007 онд), Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх “Гачууртын эх үүсвэр” (2012-2014 онд) зэрэг төсөл, хөтөлбөрийг тус тус гүйцэтгэжээ.
Түүнчлэн Японы тусламж дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар хотын ундны ус цуглуулах, түгээх, хянах хүчин чадал үнэмлэхүй хэмжээгээр нэмэгдэж, техник, технологийн шинэчлэл, сайжруулалт хийсэн байна.
Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Оксфордын их сургуульд “ус
судлал”-ын чиглэлээр суралцан төгсөлтийн судалгааны ажлаа 18-19 дүгээр зууны
Темза мөрний тээврийн сэдвээр бичиж, хожим “Темза мөрөнтэй хамтдаа” номоо
гаргасан байдаг. “Дэлхийн усны форум” зэрэг олон улсын хурал, чуулганд тогтмол,
идэвхтэй оролцож, “ус судлал”-ыг амьдралын хэвшлээ болгон ахисан түвшинд
судалгаа, шинжилгээ хийдэг аж.
Comments