Их мастер Б.Мөнгөнтуул аравдугаар байр руу ухарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Пуна хотод болж буй эмэгтэйчүүдийн гранпри тэмцээний тав дахь цуврал өндөрлөхөд хоёр өрөг үлдлээ.
Өчигдөр долоодугаар өргийн тоглолтод их мастер Б.Мөнгөнтуул Девяа Дешмухтай хараас тоглож, хожигдов. Ингэснээр дөрвөн өрөгт дараалан хожигдсоноор хүснэгтийн аравдугаар байр руу ухарч байна. Энэ өргийн хамгийн сонирхолтой бөгөөд анхаарал татсан тоглолт нь тэмцээнийг тэргүүлэгч Хятадын Жу Жинер, Энэтхэгийн Хампи Конеру нарын хооронд болсон юм. Хоёр супер их мастерын тулаан энэтхэг шатарчны ялалтаар өндөрлөлөө. Ингэснээр долоон өргийн дараа Хампи Конеру 5.5 оноогоор хүснэгтийг тэргүүлж эхэлсэн бол манай мастерыг хожсон Девяа Дешмух, Хятадын Жу Жинер нар 5.0 оноотой араас нь нэхэж байна. Харин Оросын Полина Шувалова, Энэтхэгийн Харика Дронавали нар эхний тавд бичигджээ.
Өнөөдөр их мастер
Б.Мөнгөнтуул наймдугаар өрөгтөө Оросын Полина Шуваловатай тоглоно. Тэгвэл
онцлох тоглолт Хятадын Жу Жинер, Энэтхэгийн Девяа Дешмух нарын хооронд болох
юм.