ОРХОН: Эмч, мэргэжилтнүүдийг ажлын байранд нь дадлагажуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэлийг зорих иргэдийн урсгал, гуравдугаар шатлалын эмнэлгийн хүлээгдэл, төвлөрлийг сааруулах зорилготой Үндэсний баг хоёр дахь удаагаа Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж байна.
Төвлөрлийг сааруулах эрүүл мэндийн үндэсний баг нэгдүгээр сарын 31-нийг хүртэл ажиллах бөгөөд энэ хугацаанд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нэн хэрэгцээтэй байгаа хавдрын тусламж үйлчилгээ, улаан хоолой, ходоод, нойр булчирхайн тусламж үйлчилгээ, ангиографийн оношилгоо, зүрх судасны тусламж үйлчилгээ нэн шаардлагатай иргэдэд яаралтай үеийн хагалгааны тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч, мэргэжилтнүүдийг ажлын байранд нь дадлагажуулах, зааж сургах, мэргэжил аргазүйгээр хангах зорилготой ирж үйлчилж байна.
Орхон аймгийн 120 000 гаруй хүн
амын дунд сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчлөл, таргалалт, мэдрэлийн гаралтай нуруу нугасны өвчлөл, дотоод шүүрлийн үрэвсэл зэргээр өвдөх тохиолдол эрс нэмэгдсэн судалгаа гарсан. “Эрүүл монгол хүн”
хөтөлбөрийн хүрээнд үе шаттай эрт илрүүлгийн үзлэг оношилгоог хийснээр иргэдийн дунд хорт хавдрын
тохиолдлууд ч бүртгэгджээ.
Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн эмнэлэг сувиллын
цогцолбороос жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт уурхайчдаа хамруулахад 2025 оны нэгдүгээр сарын байдлаар 8729 мэргэжлээс шалтгаалах өвчтэй
ахмадууд болон нийт ажилтанд урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийхэд 7993 нь
хоол боловсруулах эрхтний эмгэгтэй, дотоод шүүрлийн эмгэгтэй 7689, зүрх судасны
өвчтэй 5293 хүн илэрчээ.