ХӨВСГӨЛ: Эрдэнэбулган сум улсын төсвөөс санхүүжилт авалгүй засмал замтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-06-04 16:28:15

Мөрөн, 2024 оны зургаадугаар сарын 4  /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга Б.Эрдэнэнаран санаачлан сумандаа 980 метр зам тавьжээ. Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авалгүй, нутгийнхаа иргэдийн дэмжлэгтэйгээр уг ажлыг гүйцэтгэсэн байна. 



Б.Эрдэнэнаран аавынхаа "Энхбулган" компанид ажиллаж байхдаа ах, дүү нар болон ажилчидтайгаа хамтран буудай буулгах 5000 метр талбайг цементээр цутгаж байжээ. Энэ туршлагадаа түшиглэн Засаг даргын Тамгын газрын өмнөх 30х7 м зогсоолыг мөн хамт олонтойгоо хамтран хийсэн байна.


Энэ ажил нь үр дүнтэй болсон учраас сумандаа засмал зам тавих ажилд нь нутгийн иргэд идэвхтэй оролцжээ.



Эрдэнэбулган сумын иргэд өөрсдийн хүчээр ийнхүү засмал замтай болсон сайн туршлагыг Хөвсгөл аймгийн  Алаг-Эрдэнэ, Галт, Тосонцэнгэл зэрэг сум орон нутагтаа нэвтрүүлэн "Нэг иргэн-нэг шуудай цемент" аяныг өрнүүлж засмал зам тавьж байна.


Цаашид цементийн асуудлыг шийдэж чадвал үлдсэн замуудаа цутгахад Эрдэнэбулган сумын иргэд бэлэн байна.

Манай суманд байшингийн суурь цутгах хүн хайгаад олддоггүй байсан бол одоо эрчүүд бүгд хийж чаддаг болсон хэмээн Засаг дарга Б.Эрдэнэнаран ярилаа.

 

Related news