ХӨВСГӨЛ: Тайгад гарсан ойн 2 түймрийг унтраахаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-06-25 14:36:17

Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 25 / МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт ой хээрийн 2 түймэр асаж байна. Ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна.


Тодруулбал, Цагааннуур сумын 2 дугаар багийн Урд Агяа тайга гэдэг газар гарсан түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газар, нэмэлтээр Үндэсний аврах бригадын алба хаагчид, тус сумын 3 байгаль хамгаалагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.



Мөн Улаан-Уул сумын Соёо 4 дугаар баг Жологийн эх духын ам гэдэг газар гарсан ойн түймрийг унтрахаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.


Аймгийн хэмжээнд он гарсаар нийт зургаан удаагийн ой хээрийн түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна.



Аялал, амралт зугаалгын цаг ирсэнтэй холбогдуулан аялагч, амрагч иргэд, малчид, тээвэрчид та бүхэн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.


Ой хээрийн бүсэд зорчихдоо асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах, шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн ОБГ-аас  анхаарууллаа.

 

Related news