Клод Монегийн бүтээл 35 сая ам.доллароор зарагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-05-16 17:03:37

НЬЮ-ЙОРК, 2024 оны тавдугаар сарын 16 /AFP/. Францын нэрт зураач Клод Монегийн бүтээл лхагва гаргийн орой болсон дуудлага худалдаагаар 35 сая ам.доллароор зарагдсан тухай Нью-Йоркийн Sotheby's дуудлага худалдааны ордноос мэдэгдлээ. Үүгээр тус ордны хаврын дуудлага худалдаа эхэлжээ.


Sotheby's болон түүний өрсөлдөгч Christie's дуудлага худалдааны ордон хаврын үйл ажиллагааны нээлтээ даваа гарагт хийсэн юм. Өнгөрсөн онд дэлхийн зах зээлд уран зургийн эрэлт буурсан хэдий ч Лондон, Парис дахь борлуулалт өндөр байгаа нь 2024 оныг өөдрөгөөр харахад хүргэж байна.


К.Монегийн 1893 онд туурвисан Meules a Giverny” бүтээл нь 34.8 сая ам.доллароор зарагджээ. Мөн Британи-Мексикийн зураач Леонора Каррингтоны Les Distractions de Dagobert” бүтээл 28.5 сая ам.доллароор зарагдсан нь уг уран бүтээлчийн хамгийн өндөр үнэд хүрсэн бүтээл болжээ. Ингэснээр Л.Каррингтон хамгийн үнэ цэнтэй таван эмэгтэй уран бүтээлчийн нэг  болсон байна.


Үүнээс нэг хоногийн өмнө Christie's дуудлага худалдааны ордонд контемпорари урлагийн бүтээлүүд 115 сая ам.долларын үнэ хүрсэн бөгөөд түүний дотор Америкийн зураач Жан-Мишель Баскиагийн зурсан зураг 32 сая ам.доллароор зарагджээ.


Украины дайнаас үүдэн Оросын худалдан авагчдын тоо цөөрөөд буй энэ үед дэлхийн хэмжээнд уран зургийн дуудлага худалдааны борлуулалт 2022 онд 16 тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн онд 14.9 тэрбум ам.доллар болж буурчээ.

 


Related news