Америкийн кино найруулагчдын холбоог К.Нолан удирдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2025-09-22 17:07:10

ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 22 /AP/. Америк-Британийн алдарт найруулагч Кристофер Нолан Америкийн кино найруулагчдын холбоог /DGA/ удирдахаар сонгогдсон талаар тус байгууллагаас бямба гаргийн орой мэдэгджээ. Оскарын шагналт Oppenheimer киноны найруулагч хэлэхдээ, энэ бол миний мэргэжлийн замнал дахь хамгийн том алдар хүндийн нэг мөн гэжээ


Тус холбоо нь жил бүр DGA шагнал гардуулах ёслолыг зохион байгуулахаас гадна АНУ болон хилийн чанад дахь 19 500 кино, телевизийн найруулагчийн эрх ашгийг төлөөлдөг. “Манай салбар асар их өөрчлөлтийг туулж байгаа бөгөөд надад ийм үүрэг хариуцлагыг даатгасан холбооны гишүүдэд талархаж байна” гэж театр, кино урлагийн нэрт зүтгэлтэн К.Нолан хэлжээ.


2023 онд болсон Холливудын ажил хаялтын үеийг дамнан тус холбоог дөрвөн жилийн турш удирдсан Лесли Линка Глаттерийн халааг К.Нолан авах ажээ. Түүнтэй хамтран ажиллахаар сонгогдсон хүмүүсийн дунд Рон Ховард, Жина Принс-Байтвүүд, Лаура Белси, ерөнхийлөгч асан Парис Барклай нар багтжээ. Мөн удирдах зөвлөлийн гишүүдийн дунд Стивен Спилберг, Фил Лорд нар багтсан байна.


К.Нолан нь 2001 оноос хойш гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2015 оноос хойш DGA-ийн Үндэсний зөвлөл болон Баруун бүсийн захирлуудын зөвлөлд ажиллаж, тус нийгэмлэгийн бүтээлч эрх, хиймэл оюун ухааны хороодыг даргалж байжээ. Тэрбээр 2024 онд Oppenheimer киногоороо тус холбооны дээд шагналыг хүртсэн бөгөөд өмнө нь Dunkirk, Inception, The Dark Knight, Memento зэрэг бүтээлүүдээрээ шагналд нэр дэвшиж байсан юм.


Эртний Грекийн суут найрагч Хомерын “Одиссей туулиас сэдэвлэсэн К.Ноланы дараагийн дэлгэцийн бүтээл ирэх оны долоодугаар сарын 17-ноос кинотеатруудаар гарах ажээ.

 


Related news