Дуучин Канье Уэстийг Их Британид нэвтрэхийг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.enkh-od@montsame.gov.mn
2026-04-08 11:15:52

ЛОНДОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /Reuters/. АНУ-ын репп дуучин Канье Уэст өмнө нь еврейчүүдийг үзэн ядсан утгатай /антисемитизм/ үг хэлж, нацизмыг сурталчилсан мэдэгдэл удаа дараа хийж байсантай нь холбогдуулан Их Британийн Засгийн газар түүнийг  Лондон хотноо болох байсан “Wireless” хөгжмийн наадамд оролцохыг хоригложээ.


Наадмыг зохион байгуулагч “Festival Republic” компани мягмар гарагт мэдэгдэл хийхдээ, уран бүтээлчийн Их Британид нэвтрэх, тоглолт хийх зөвшөөрлийг албан ёсоор цуцалсан гэдгийг баталж, гурван өдөр үргэлжлэх байсан наадмын тасалбарыг худалдан авсан бүх хүнд мөнгийг нь буцаан олгоно гэжээ.


Өдгөө "Ye" /Йе/ гэх нэрээр танигдсан түүнийг дөрөвдүгээр сарын 1-нд тус наадмын гол уран бүтээлчээр зарласны дараа Засгийн газарт ирэх олон нийтийн шахалт, шүүмжлэл эрс нэмэгдсэний дараа дээр шийдвэрийг гаргажээ. Хэд хэдэн томоохон компани наадмыг ивээн тэтгэхээс татгалзсан бол Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер түүнийг анхнаасаа урих ёсгүй байсан гэж мэдэгджээ.


Түүнийг тус улсад байх нь "нийтийн эрх ашиг, сайн сайханд нийцэхгүй" гэж үзсэн тул хилээр нэвтрэх эрхийг нь ийнхүү хязгаарласан гэж эрх баригчид мэдэгдсэн байна. 


"Ye" мягмар гарагт Их Британи дахь еврейчүүдийн нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзах санал тавьж, Лондон хотод зөвхөн хөгжмөөр дамжуулан "эв нэгдэл, энх тайван, хайрыг түгээж", өөрийгөө өөрчлөгдсөнийг харуулахыг зорьсон хэмээн мэдэгджээ.


Тэрбээр энэ онд АНУ-д, мөн Мехико хотод тоглолтоо хийсэн боловч өнгөрсөн оны долоодугаар сард нацизмыг сурталчилсан утга бүхий "Heil Hitler" дуугаа гаргасныхаа дараа Австрали руу нэвтрэх эрхээ хасуулсан байна. 


Еврейчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд Их Британийн Засгийн газрын энэхүү шийдвэрийг сайшаажээ.

Related news