Монголд анх удаа морин тойруулгын уралдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-07 14:33:54

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монголын анхны холын зайн морин тойруулгын “Хайпэй кап 24“ уралдаан энэ сарын 11, 12-нд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт болох гэж байна.


Тус уралдаан монгол, сонгомол төрлөөр болох юм. Сонгомол төрөлд шүдлэн, дунд нас, дээд нас уралдах бол монгол төрөлд хязаалан, соёолон, их насны морь уралдах юм. Зургаан насны ангилалд тус бүр түрүүлж бүртгүүлсэн 40 адуу, нийтдээ 240 адуу уралдуулах тов гарчээ.


“Монголын морин тойруулгын клуб” компанийн үүсгэн байгуулагч Б.Наранбат Анх удаа Монголд холын зайн морин тойруулгын уралдаан зохион байгуулах гэж байгаа учраас олон улсын стандарт, жишгийг нэвтрүүлэхэд онцгой анхаарсан. Тухайлбал, анх удаа маш өндөр нарийвчлалтай зураг авдаг фото финиш камер байршууллаа. Дэлхийд алдартай Кинтаки, Хонконгийн жокей клубт хэрэглэдэг секундыг 3000:1 хуваасантай тэнцэх нарийвчлалтай камераар зураг авна гэсэн үг. Морьдын тохом дээр дугаар байршуулна. Хэн гэдэг уяачийн морь түрүүлж барианд орсныг өндөр нарийвчлалтайгаар дэлгэцэнд харуулж, үзэгчид мэдээллийг нь шууд хүлээн авна. Тус уралдаанд 12-оос дээш насны унаач хүүхэд уралдах бөгөөд хамгаалалтын малгай, эмээлтэй байна” хэмээн ярилаа.


Сонгомол дээд, дунд, шүдлэн ангиллын түрүү магнайд тус бүр 40 сая төгрөг, мөн тус бүр Prius 30 автомашинаар байлна. Харин их нас, соёолон, хязаалангийн түрүү магнай тус бүр 40 сая төгрөг, 2023 онд үйлдвэрлэгдсэн Фотон ачааны машинаар байлах аж.  Морин уралдааны бүртгэлийн хураамж нь нэг сая төгрөг бөгөөд хураамжаа 100 хувь шагналын санд зарцуулах юм байна. 

сонирхуулахад, дээрх морин тойруулгын төвд маргааш анхны уралдаан болох “УБ Кап-2024”-ыг шүдлэн байдас, үрээний ангилалд зохион байгуулах ажээ. 





Related news