Монгол Улстай Аргентины экспортын агентлаг хамтран ажиллахаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-05-06 09:51:23

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлаг болон Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлага цахимаар уулзаж, хоёр орны бизнесийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтаар Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагийн ерөнхий менежер Роберто Росото агентлагийн үйл ажиллагаагаа танилцууллаа. Кордоба муж нь улсдаа экспортоор тэргүүлдэг, экспортыг дэмжих, нэмэгдүүлэх, худалдааг идэвхжүүлэх зорилготой ажилладаг талаар гүйцэтгэх захирал Кандела Гайдо мэдээлэв. Тэрбээр, Монгол Улстай хамтран ажиллахаа илэрхийлэв


Хоёр талын худалдаа, хамтын ажиллагаа, экспортыг өргөжүүлснээр Монгол-Аргентины хоорондох худалдааны эргэлтийг 5-10 сая ам.долларт хүргэж, нэмэгдүүлэх нөөц бололцоотой байна.



МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар хэлэхдээ, Монгол, Аргентин улс дипломат харилцаа тогтоосноос хойш уламжлалт хамтын ажиллагаатай явж ирсэн бөгөөд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас хойш хоёр орны худалдааны тэнцлийг хангах нь чухал байгааг дурдлаа.

Уулзалтаар хоёр байгууллага мэдээлэл солилцож, аялал жуулчлал, хүнс, ХАА, салбарт хоёр улс илүү хамтран ажиллах боломжтойг ярилцлаа. Мөн бизнес эрхлэгчдийг холбох зорилгоор бизнес уулзалтууд зохион байгуулж, үзэсгэлэн, яармагаар дамжуулан өөрсдийн бүтээгдэхүүнүүдээ танилцуулах талаар санал нэгдэв.


Related news