СЭЛЭНГЭ: Дэлхийн номын өдрийг угтан "Ангиараа уншъя-Авьяасаа хөгжүүлье" аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-16 11:55:10

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас дэлхийн номын өдрийг угтан аймгийн ЕБС-иудын дунд "Ангиараа уншъя-Авьяасаа хөгжүүлье" уншлагын аяныг 3 үе шаттайгаар зохион байгуулж байна.

 

Аяны нэгдүгээр шатыг “Ангиараа уншъя” уриан дор 3 дугаар сарын 11-27-нд зохион байгуулж дүнгээ гаргасан байна.

 

1-р шатны уншлагын аяны бага ангийн төрөлд Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн Д.Хишигсүрэн багштай 4а ангийн хамт олон тэргүүлж, мөн сургуулийн Ө.Нямаанямбуу багштай 5в ангийн хамт олон, Зүүнбүрэн сумын ЕБС-ийн  С.Сувданчимэг багштай 4а ангийн хамт олон удаалжээ.

 

Дунд ангийн төрөлд ирсэн материалууд тавигдах шаардлагыг хангаагүй, бичлэг нь хангалтгүй байсан учраас шалгаруулалт хийх боломжгүй байсан байна.

 

Харин ахлах ангийн төрөлд Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн М.Мягмарсүрэн багштай 11а ангийн хамт олон тэргүүлж, Хушаат сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн хамт олон тусгай байрт шалгарчээ.


Аяны 2-р шатыг энэ сарын 25-30-ны өдрүүдэд “Авьяасаа хөгжүүлье” жүжигчилсэн шилдэг дүрийн тоглолтоор зохион байгуулах юм. Мөн аяны 3-р шатны шалгаруулалтыг 5 дугаар сарын 10-ны өдөр аймгийн хэмжээнд шалгаруулан дүгнэх юм.

 

Аянд оролцож байгаа ангиуд бүх зохиолтойгоо уншиж танилцах, чанга уншлага болон уншлагын олон төрлөөр уншлага хийж, номын тэмдэглэл хөтөлсөн байх шаардлагыг тавьж байгаа аж. Мөн хийсэн зүйлсээ баримтжуулан дүрс бичлэг хийж аяны комисст ирүүлэх юм.

 

Түүнчлэн дээрх аяны хүрээнд ирэх намар сургуульд орох цэцэрлэгийн  бэлтгэл бүлгийн бяцхан хүүхдүүд аймгийн Нийтийн номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, “Үлгэрээр хүмүүжье-Чанга уншлага” уриатайгаар зурагт ном уншиж, үлгэрийн ертөнцөөр аялж байна.

 

Related news